Украины шинэхэн залуухан халуухан ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн шинэ жилийн чин сэтгэлийн мэндчилгээний үг олны сонирхолыг ихэд татав. Учир нь тэрээр маш өвөрмөц үгтэй мэндчилгээг хүргэсэн юм.
Хүндэт украинчууд аа!
Ерөнхийлөгч нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ ихэнхдээ бидэнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тухай, инфляц унасан тухай, имплементац, диверсификац гээд л ойлгомжгүй юмсын тухай ярьж өгдөг. Товчхондоо бол бид сайхан амьдарч байгаа бөгөөд одоохондоо түүнийгээ олж хараагүй байгаа тухай ярьдаг учраас бид зурагтынхаа дууг хаачихдаг шүү дээ. Тэгээд эцэст нь оргилуун дарсаа задалж шпроттой талх оливье салатандаа ам хүрэхийн тулд үлгэрээ ярьж дуусахыг нь хүлээдэг.
Өнөөдөр тэгэхгүй. Өнөөдөр бүгдээрээ дор бүрнээ “Би хэн бэ?” гэсэн чухал асуултад чин үнэнчээр хариулцгаая. Би хэн бэ? Би Украины ерөнхийлөгч, амжилттай яваа өмгөөлөгч, энгийн нэг гэрийн эзэгтэй, Могилянкаас ирсэн философийн ангийн оюутан, Черкасс мужийн агрономич. Би хэн бэ? Дорно зүгт улс орноо хамгаалан тулалдаж буй фото зурагчин асан уу? Италид сав суулга угаагч хийж байгаа физикч асан уу? Новосибирскт өндөр барилга барилцаж буй химич асан уу? Гадаадад гараад хувийн эмнэлэг ажиллуулж буй Донецкийн эмч үү? Гадаадад гараад хоёр жил гаруй энэхэн тэрхэн хийж байгаад буцаад ирсэн Луганскийн багш уу? Би хэн бэ? Арван жил гадаадад амьдарч байгаа Украин орноо интернетээр хайрлагч уу? Крымд бүхнээ алдаад Харьковт бүгдийг тэгээс эхлэгч үү? Улс орноосоо дүрвэн гарахыг мөрөөдөгч ITшник уу? Гэр орондоо харихыг мөрөөдөгч олзны хүн үү?
Би хэн бэ? Франковскийн эх хэлээ хамгаалагч оршин суугч уу? Эх хэлээ нандигнагч Гурфузын уугуул нэгэн үү? Төрөлх хэлээ хайрлагч Береговогийн оршин суугч уу? Төрөлх хэлээрээ ярьдаг Краматорскийн иргэн үү? Улсынхаа албан ёсны хэл болохоор украин хэлийг сурсан нэгэн үү? Украин хэл сурахыг хүсэхгүй байгаа хүн үү? Татвар төлөгч үү? Зам дээр гэнэт хөндлөнгөөс гараад ирэгч үү? Гэртээ нохой тэжээдэг үү? Улбар шар үстэй юү? Мусульманин уу? Сонсголын бэрхшээлтэй юу? Чидун жимсийг үзэн яддаг уу? Либерал уу? Онц сурлагатан уу? GOT үзээгүй юу? Сангвиник уу? Цагаан хоолтон уу? Матрын ордных уу? Метронд суудал тавьж өгдөггүй юу? Цусны донор уу? Пластик мэс заслаас татгалзсан уу? Энэ бүгд бид. БИД УКРАИНЧУУД. Байгаа маань л энэ. ТӨГС ТӨГӨЛДӨР БИШ, АРИУН ГЭГЭЭНТНҮҮД БИШ. Яагаад гэвэл, бид ЖИРИЙН ХҮМҮҮС. АМЬД ХҮМҮҮС. Өөрийн дутагдалтай, өөрийн “жоомтой”. Гэвч бидний паспортон дээр зөв украин хүн эсвэл буруу украин хүн гэж бичдэггүй шүү дээ. “Эх оронч”, “бага ястан”, “хэт үндсэрхэг” эсвэл “бандеровец” гэж ч бичдэггүй. Тэнд “УКРАИНЫ ИРГЭН” гэж бичдэг. Өөрийн эрх, өөрийн үүрэгтэй иргэн. Бид өөр хоорондоо маш их ялгаатай.
Тэгээд бид хэн юм бэ? Ерөнхийлөгчийг сонгосон 73 хувь уу. Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй 25 хувь юм уу. Эсвэл сонгуульд оролцоогүй хэсэг нь үү? Зул сарын баярыг 12 сарын 25-нд тэмдэглэдэг нь үү, 1 сарын 7-нд тэмдэглэх нь үү? 100 жилийн танилууд уу? 2014 онд танилцсан уу? Дэлхийн хамгийн том онгоц бүтээсэн нь үү, аюулгүйн ремений оронд резинэн таглаа тавьчихдаг нь уу? “Хувь тавилангийн тохуурхал” үздэг үү, “Гэртээ ганцаараа”г үздэг үү? “Динамо”г дэмждэг үү, “Шахтер”ийг дэмждэг үү? Мартын 8 тэмдэглэдэг нь үү, эсвэл зөвлөлтийн хоцрогдсон баяр гэж үздэг нь үү? Бүтэн сайнд сүм явдаг нь уу, хагас сайнд юу ч хийдэггүй нь үү? “Би чамд хайртай” гэж хэлдэг нь үү?
Бид өөр хоорондоо ийм өөр байж яаж хамт амьдрах вэ? Тусгаарлацгаах уу? Өндөр хашаа барих уу? Ингэхэд бидний ялгаа чухал гэж бидэнд хэн итгүүлчихэв ээ. Тийм биш бол яах вэ? Биднийг нэгтгэх зүйл бага гэж үү? Бид адилхан аугаа украинчуудаараа бахархдаг. Хэрэв Шевченко эсвэл Леся Украинка хэний төлөө саналаа өгснийг мэдээд бид тэднийг хүндлэхээ болих хэрэг үү? Сковорода эсвэл Хмельницкий НАТО-гийн талаар өөр өөр үзэл бодолтой бол яах вэ? Каденюк Лобановский хоёр ямар сүмд явдаг нь бидэнд чухал гэж үү? Ступка эсвэл Быков “нормандын формат”ад яаж ханддаг нь чухал уу? Бид тэдний өөр зүйлийн төлөө үнэлдэг. Үнэндээ бид өөр зүйлийг үнэлдэг.
Бид манайхан “Евро”-д ороход адилхан баярлацгаасан. Бартаагүй замаар давхихдаа адилхан инээмсэглэдэг. Анхны хүүхдээ төрөхөд адилхан баярладаг. Охин эсвэл хүү байх нь чухал биш.
Славянскт ч бай, Дрогобычэд ч бай дурлахаараа бид жаргалтай болдог. Манай цэргүүдийн булшин дээрх загалмай Тернопольд ч бай, Кривой Рогт ч бай аль нь илүү эх оронч вэ гэдгээрээ өрсөлддөггүй. Манай усан цэргүүд, олзлогдогсод эргэн ирэхэд бид украинаар ярьдаг, оросоор ярьдаг, жирийн гэрийн эзэгтэй, амжилттай өмгөөлөгч, Украины ерөнхийлөгч ялгаагүй баярлан уйлцгааж байсан.
Бидний түүхэнд биднийг нэгтгэсэн үйл явдал бага биш. Бид үе үе НЭГДМЭЛ УЛС байж сурчээ. ШИНЭ ОНДОО БИД ӨДӨР БҮР НЭГДМЭЛ УЛС БАЙХ ХЭРЭГТЭЙ байна. Энэ бидний ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНАА болох ёстой. Бид улс орныхоо ирээдүйн төлөө бие биенээ хүндлэн хамтран амьдарч сурах ёстой. Бид бүгд адилхан ДАЙН ДАЖИНГҮЙ, ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ, ӨӨРИЙН ГАЗАР НУТГАА эргүүлэн авчирсан орныг, амжилттай, хөгжин цэцэглэж байгаа тийм орныг төсөөлж байгаа шүү дээ. Гудамж ямар нэртэй байх нь биш сайхан цардсан, гэрэл гэгээтэй байх нь чухал. Дурласан бүсгүйгээ чи хэний хөшөөний хажууд хүлээх нь тийм их ач холбогдолтой гэж үү. Хэрвээ бид ирээдүйгээ адилхан харж төсөөлж байгаа бол энэ л биднийг нэгтгэх ёстой билээ.
Хүндэт Украинчууд аа! Шинэ 2020 онд би бид бүхэндээ бие биеэ хүндэтгэхийг, эрүүл энх байхыг, хангалуун байхыг, инээмсэглэх олон олон шалтгааныг хүсье. Бүгдээрэнд нь сайн амрахыг, нойроо авахыг, хэтрүүлэн идэхгүй байхыг, мэдээж маргааш өглөөний хөнгөхөн таатайхан толгой эргэм мэдрэмжийг хүсье. Энх амгаланг хүсье. Украин орноо хайрлана гэдэг бол манай орны аль өнцөг буланд төрснөөс нь үл хамааран бүх украинчуудыг хайрлана гэсэн үг юм гэдгийг санаж явцгаая.
Орчуулсан: Davaadulam Jamsranjav