Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны инстутитутээс “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хэрэгжилт” судалгаа мөн Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулж байгаатай холбогдуулан “Цахим үр ашгийн судалгаа”-г хийж, танилцууллаа.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ (ОНОТХҮ) судалгааны арга зүй тоон болон чанарын аргыг хослуулан хийсэн бөгөөд тоон судалгаанд нийт 380 иргэн хамрагдсан. Үүнд: ОНОТХҮ-нд хамраглсан иргэн болон хамрагдах хүсэлтэй иргэдийг оролцуулсан байна.

Харин чанарын судалгаа хийхдээ Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон үйлчилгээ үзүүлэгч ТББ-уутай ганцаарчилсан ярилцлага хийжээ.
Судалгааны түүврийн хуваарилалтын хувьд ОНОТХҮ-г түлхүү хэрэгжүүлсэн болон бага түвшинд хэрэгжүүлсэн аймгаас 4 аймаг сонгосон. Мөн хот, хөдөөгөөр ялгааг гаргахын тулд сонгогдсон аймаг бүрд төвийн, алслагдмал гэсэн 1 сумыг сонгож, Нийслэлийн хувьд төвийн болон алслагдмал 2 дүүрэг, дүүрэг тус бүрд орон сууцны 1, гэр хорооллын 1 хороог сонгож судалгаа авсан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт нийгмийн халамжийн үйлчилгээний нэг болох ОНОТХҮ нь зорилтод 12 төрлийн өрх, иргэнд 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Судалгаанд хамрагдсан иргэдийг үйлчилгээнд хамрагдсан байдлаар авч үзвэл сэргээн засах үйлчилгээ 50.0 хувь, өдрийн үйлчилгээнд хамруулах 14.3 хувь, төсөл хэрэгжүүлэх үйлчилгээ 12.8 хувь, түр байрлуулах асрамжлах 8.5 хувь, сургалт 8.2 хувь байна.

Харин тус үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн 33.3 хувь төсөл, 33.3 хувь сэргээн засах, 26.7 хувь гэрийн асрамж, 6.7 хувь сургалтын үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байна.