Нүүр хуудасМэдээГ.Занданшатар: Нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид мэтгэлцээд энд буруу хараад сууж...

Г.Занданшатар: Нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид мэтгэлцээд энд буруу хараад сууж болохгүй

Өнөөдөр УИХ-ын чуулганаар анх удаагаа нийтийн өргөдлийн дүнг танилцуулж, УИХ-ын дарга мэдээлэл хийн тус саналыг холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Олон нийтийн түвшинд анхаарал татаж, хэлэлцүүлэг өрнөсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Журмын дагуу 14 хоногийн хугацаанд уг асуудлыг шийдэх ёстой.

УИХ-ын дарга энэ үеэр гишүүдэд хандан “нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид мэтгэлцээд энд буруу хараад сууж болохгүй” гэдгийг сануулав. Мөн “нийтийн санхүүгийн реформыг эхлэх шаардлагатай байгааг тодотгож, төрийн санхүүд зөрчил хавтгайрч, төсөвт хулгай нүүрлэж, тендер авлига гарсан байна гэж иргэд дуу нэгтэй шүүмжилж байна” гэв.

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын petition.parliament.mn цахим системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 10 дугаар сарын 17-ны өдөр байршуулснаас хойш ердөө 6 хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан.

Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт орлогын тасалдал үүснэ гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Харин бизнес эрхлэгчид, судлаачид төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх боломжтойг давхар тооцох хэрэгтэйг хэлж байгаа юм. УИХ-ын дарга энэ талаар“Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй” гэж мэдээлэл хийх үеэрээ онцолсон.

Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан.2022 оны мэдээллээр 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ гэж судлаачид үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН