Нүүр хуудасМэдээГ.Мөнхцэцэг: Монгол улс шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан хөгжих ёстой

Г.Мөнхцэцэг: Монгол улс шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан хөгжих ёстой

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг 2022.10.19-ний өдөр Шинжлэх ухааны академийн нэгдсэн цогцолборын барилгын ажил болон зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Аливаа улс орны хөгжлийн тулгуур суурь салбар бол шинжлэх ухаан. Сүүлийн 30 гаруй жил бид өөрсдийн хөгжлийн сууриа шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан зөв эрэмбэлж чадсангүй. Цаашид шинжлэх ухааны бодит судалгаагүй хөгжлийн тухай ярих боломжгүйг цаг үе харуулж байна.

Тиймээс УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо шинжлэх ухааны салбарт хууль эрх зүйн чадавхийг бэхжүүлэхэд түлхүү анхаарахаар болжээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга  Г.Мөнхцэцэг сүүлийн 100 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын нэг, Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцсан. Шинжлэх ухааны салбарын 16 хүрээлэн нэг дор судалгаа шинжилгээ хийх, кластер төв болон хөгжих боломжийг энэ цогцолбор бүрдүүлэх юм. Цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал энэ цогцолборын төсөвт өртөгт нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс барилгыг хугацаанд нь дуусгахад төсвийн хөрөнгө оруулалтад тодорхой зохицуулалт хийхийг ШУА-ийн зүгээс хүслээ.

Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Биологийн хүрээлэнгээр тус тус зочилж, эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо. ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон, ШУА-ийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийж, эрдэмтэн судлаачдад тулгарч байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх хууль тогтоомжтой холбоотой асуудлуудаар ярилцсан юм.

Уулзалтын үеэр, “Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажилтай танилцлаа. Ажил нь урагштай, эрчимтэй байна. Гэхдээ цаашид шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн асуудалд Байнгын хорооны зүгээс анхаарал хандуулна. Шинжлэх ухааны хөрөнгө оруулалт орхигдсон, ажиллах орчин нөхцөл муу, багаж тоног төхөөрөмж тааруу, эрдэм шинжилгээний ажилчдын цалин бага, энэ салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа зэрэг олон тулгамдсан асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэхэд, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд маш чухал. Эдгээр хуулийг намрын чуулганы хугацаанд Боловсролын багц хуультай хамт хэлэлцүүлэн батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид Та бүхний санал бодол чухал. Цаашдаа Байнгын хорооны даргын хувьд тус салбарт тулгамдаад байгаа асуудлыг эрэмбэлж шийдэхэд анхаарч ажиллана”гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН