Нүүр хуудасМэдээГ.Тэмүүлэн: Нутаг усаа тэмүүлэн зорьж буй гүйгүүл морины тухай баримтат киног үзээд...

Г.Тэмүүлэн: Нутаг усаа тэмүүлэн зорьж буй гүйгүүл морины тухай баримтат киног үзээд үнэхээр биширсэн

УИХ-ын отгон чуулганаар Малчны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Малчны тухай хуулийн төслийг санаачлан боловсруулах болсон учир шалтгаан, уг хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ХААИС-ийн эрдэмтэн багш нар болон ахмад үеийн туршлагатай малчидтай хамтран уг хуулийн төслийг боловсруулсан. Цаг хугацааны хувьд том агуулгатай төсөл учраас хугацаа их орсон. Тиймээс тооцоо судалгаа, үндэслэлийг олон талаас нь судалж, бэлэн болсон учраас энэ хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна. Малчны тухай хуулийн төсөл бол 300 мянган малчдын эрх ашгийг хамгаалах, төрөөс дэмжих цогц бодлогыг тодорхойлох хууль. Өөрөөр хэлбэл, залуус мал маллахаас эхлээд ирээдүйд тэтгэвэрт гарах хүртэлх малчин хүний нийгмийн бүхий л харилцааг зохицуулах хууль гэж ойлгож болно. Өнөөдөр малчны эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангах бие даасан цогц хууль байхгүй. Олон хуулиар малчдын нийгмийн асуудлыг салангид байдлаар зохицуулж ирсэн. Харин миний санаачлан боловсруулсан хууль бол малчдын маань нийгэм, эрүүл мэндийн баталгаа, эдийн засгийн харилцаа болон амьжиргаа орлогыг дэмжих, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, залгамж халааг бэлтгэх гээд бүхий л харилцааг хамаарсан хууль юм. Нөгөө талдаа мал аж ахуйн салбарын хөгжил, эдийн засгийн харилцааг зохицуулна. Хууль батлагдан хэрэгжсэнээр малчин хүн төржөссөн нутаг орондоо мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж харж байгаа.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад малчдаас хэр зэрэг санал ирж байна. Өөрсдийнх амьдрал ахуйтай холбоотой хууль болохоор санал хүсэлт нь их чухал шүү дээ?

-Малчны тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслүүдээ саналаа хэн ч хаанаас ч өгөх боломжтой D.Parliament цахим платформ дээр байршуулж, өргөн олон түмнээр хэлэлцүүлсэн. Малчдаас маань, бас малчдын амьдрал ахуйг сайн мэддэг жирийн иргэдээс ч санал хүсэлт их ирж байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байх үеэр ч малчдадаа хуулийн төслөө танилцуулахад нэлээд дэмжиж байсан. Ер нь хоёр удаа малчин түмэн, Арынхангай нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээн ажиллахдаа уулзалт хэлэлцүүлгийн үеэр олон давтамжтай гарсан санал хүсэлтийн эцсийн үр дүн нь энэхүү хуулийн төсөл юм. Өмнө нь малчдын нийгмийн асуудал хөтөлбөрөөс хэтэрдэггүй байсан. Бид малаа сайн тоолдог, жил бүр мал тооллогоор тэдэн сая мал тоологдлоо, мал сүрэг тэдэн саяар өслөө л гэдэг. Үндсэндээ малчдын нийгмийн асуудлыг цогцоор нь хөндсөн хууль үгүйлэгдэж байгааг олж харсан.

-Хууль хэрэгжиж эхэлснээр ямар өөрчлөлтүүд гарч ирнэ гэж харж байна вэ?

-Малчид бол зах зээлийн ороо бусгаа цаг үеийн хамгийн том хохирогчид нь болсон хүмүүс. Нэгдэл, сангийн аж ахуйд ажиллаж байсан иргэд, малчдын бүртгэл мэдээллүүд шилжилтийн үед алга болсон, малчнаар ажиллаж байсан он жилүүд нь дутуу тоологдсон, эсхүл зах зээлийн хүнд үед нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүйгээс болоод тэтгэвэрт гарах боломжоо алдсан олон хүмүүс байна. Өнөөдөр нийт малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын гадна үлдсэн байна. Байнгын тогтмол орлогогүйгээс шалтгаалж 70 хувь нь эрүүл мэндийн даатгал, төрөөс үзүүлж буй үйлчилгээнд бүрэн хамрагдахгүй байна. Мөн малчдын залгамж халааг бэлтгэх, малчин залуучуудыг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр мал дээр байгаа малчдын дийлэнх нь 50-иас дээш насныхан байна. Тэгвэл Малчны тухай хууль хэрэгжиж эхэлснээр маш том бодлогын болон хандлагын өөрчлөлтүүд хийгдэнэ. Малчдын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлж, хэмждэг, дүгнэдэг болно. Малчдын хувьд нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдлийг бас тусгасан. Тухайлбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжийг 2026 оны 1 дүгээр сар хүртэл бүрдүүлэхээр болгоно. Малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхийг сайжруулах үндэсний хөтөлбөртэй болно. Их сургуульд шинээр элсэх малчны хүүхдийг мал аж ахуйн чиглэлийн мэргэжил эзэмших тохиолдолд сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах заалтыг хуульд тусгасан. Мөн улсын хамгийн үнэ цэнтэй баялаг монгол хүнийхээ эрүүл мэндэд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа. Энэ өвлийн зуд турхныг малчид маань зутруухан давж байна. Хотоо харлуулсан, амьжиргааны гол эх үүсвэрээ алдсан малчид олон бий. Эрүүл мэндийн хувьд ч онцгой анхаарахгүй бол болохгүй. Энэ ч үүднээс жилийн дөрвөн улиралд амралт чөлөөгүй, өдөр шөнөгүй зүтгэдэг, малаа малладаг малчдыг жил бүр үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах асуудлыг тусгасан.

-Энэ хууль малчдыг дэмжээд зогсохгүй, мал аж ахуйн салбарт өрсөлдөх чадвар боломжийг бий болгож байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Энэ хуулийн онцлог нь хүнээ хөгжүүлж дэмжихэд чиглэгдэх бол нөгөө талдаа мал аж ахуйн салбарыг эдийн засагжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг хийж байгаа. Мал аж ахуйн салбарын түүхий эд болон бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, малчин хүний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлагатай малчдын эзэмшвэл зохих дадлуудыг хэрхэн бий болгох вэ гэсэн олон тулгамдсан асуудалд бүрэн хариулт өгсөн. Малчдын хувьд банк, санхүүгийн үйлчилгээ хүндрэлтэй, банкны зээлийн өндөр хүүнд “дарлуулдаг”. Цаашдаа төрөөс мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжье, хөгжүүлье гэвэл хөгжлийн зээл бий болгох, бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай. Улмаар “Малчны хөгжлийн сан”-г сум болгонд байгуулж, малчны хөгжлийн зээлийг олгодог болно. Зээлээ дотор нь хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй хэмээн ангилж, зээлийн зориулалтыг хуульчлахаар тусгалаа.

Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчин түмэнтэйгээ ойрхон явдаг учраас санал, хүсэлтийнх нь дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан. Гэхдээ зөвхөн найман жилийн хугацаанд гэлтгүй сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд морь малтай ойрхон байж, малчин түмнийхээ ажил амьдралыг ойлгодог, ойрхон явдаг болохоор малчин түмэн, морь уяачдаараа үргэлж бахархдаг. Ер нь монгол малчин, мал сүрэг бол Монголын маань бахархал. Саяхан Монголын үндэсний телевизээр цацагдсан “Гайхамшигт монгол адуу” хэмээх монгол адууны гайхамшигтай шинж чанар, онцлогийг харуулсан баримтат киног их огшиж бахархаж үзлээ. Олон ч хүнд бахархал, омогшил төрсөн байх аа. Харин миний хувьд монгол адуу, мориороо бахархах сэтгэл төрж, цаг завтайсан бол уугуул нутаг усаа санан тэмүүлж буй морины тэрхүү тэмүүлэл, үйл хөдлөлийг дэргэдээс нь дагаж үзэх юмсан гэж бодож суулаа.

-Таныг морины тухай хөндөж ярьсан болохоор сэдвээс бага зэрэг хазайгаад асууя. Энэ киног монгол хүн бүхэн сэтгэл уярч үзсэн байх. Таны хувьд сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өвөрхангай аймгийн уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэнгуайн баримтат кинонд монгол морь хэдэн мянган километрийн цаанаас ч гүйж явсаар төрсөн нутаг орноо олоод ирдгийг харуулсан. Монгол морь 1000км-ийн холоос ч төрөлх нутаг ус руугаа тэмүүлж гүйж явааг үзээд үнэхээр биширсэн. Жилийн өмнө энэ баримтат киноны зураг авалтыг дагаж хийсэн юм билээ. Морьтой ойрхон байдаг хүний хувьд цаг зав болдог сон бол харь нутгаас төрөлх нутаг руугаа тэмүүлж буй монгол адууны гайхамшигт үйл хөдлөл, зан араншин бүрийг нь дэргэдээс нь дагаж хармаар л санагддаг юм билээ. Алс холоос нутгаа санан бэтгэрч гүйж ирсэн морьдын талаар олон удаа сонссон ч дэргэдээс нь яг дагаж үзэхсэн гэсэн бодол сэтгэлд минь уяатай үлдсэн. Сэтгэл хөдөлгөм, биширмээр үйл явдлаар дүүрэн байх боловуу гэсэн сайхан сэтгэгдэл төрсөн.

-Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН