Нүүр хуудасМэдээДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 76 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Хадан хошуу” гэдэг газар мэндэлжээ. Бага залуу наснаасаа бөхөд сонирхолтой байсан тэрээр 1955 оноос буюу 14 наснаасаа хойш үндэсний бөхөөр тогтмол барилдаж эхэлсэн гэдэг.

Түүний үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпийн наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин зургаа дахь удаагаа түрүүлсэн.

Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин /1967 он/, Хөдөлмөрийн баатар /1994 он/ зэрэг цол тэмдгээр шагнаж байжээ.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН