Нүүр хуудасМэдээДипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзлаа

Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулж, өнөөдөр /2019.12.16/ Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт хийлээ.

Эхэнд нь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2019 он дуусахад цөөхөн хэдхэн хоног үлдсэн энэ үед Улсын Их Хурлаас болон тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлын талаар мэдээлэл хүргэх зорилгоор уулзалтад урьсныг тэмдэглэв.

Тэрбээр дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын хяналтад орсонтой холбогдуулан хийж байгаа ажлын талаар болон Монгол Улсын үндсэн хуульд оруусан нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар мэдээлэл өгөв.

Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталж байгаа харилцааны хэлэлцээр, зээлийн хэлэлцээр, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мэдээлэл өгснийхөө дараа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн  нарын саналыг сонсож,  харилцан санал солилцох энэ үеэрээ гаргасан саналын дагуу Байнгын хороо болон Улсын Их Хурал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарахад дэмжиж ажиллана хэмээн саналаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулж, асуув.

Тухайлбал, шүүхийн хариуцлагын зөвлөл, байгалийн баялаг ашиглахтай холбоотой заалтын талаар сонирхосноос гадна Улсын Их Хурлын ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор хийхээр хуулийн төсөлд тусгаж байгаа зэрэг чиглэлээр асууж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН