Нүүр хуудасМэдээДШ: Хууль хэрэглээний нэгдмэл байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

ДШ: Хууль хэрэглээний нэгдмэл байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас “Хууль хэрэглээний нэгдмэл байдал, танхим хоорондын ажлын уялдааг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн төлөөлөл оролцож санал солилцов. 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь танхим тус бүр хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, танхим хоорондын хууль хэрэглээний уялдааг хангах талаар ойлголтоо нэгтгэх явдал байсан юм. 

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах” бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд нийт 14 албан ёсны тайлбарыг гаргасан байна. 

Улсын дээд шүүх нь хууль зүйн шинжлэх ухааны онолын судалгаа, сүүлийн үеийн чиг хандлага болон шүүхийн практик судлалын үр дүнд үндэслэн, хууль тайлбарлах онол, арга зүйг ашиглан, зөрүүтэй хэрэглэгдэж буй хуулийн зохицуулалтыг нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцэн тогтоол хэлбэрээр тайлбарлаж, тогтмол нийтэлж байгаа. Гэсэн хэдий ч танхим хооронд хууль хэрэглээний зөрүүтэй тулгамдсан асуудлууд байсаар байна. 

Шүүхийн шинэчлэл, сайжруулалт бол аяндаа, урсгалаар хийгдэх ажил биш.  Аливаа шинэчлэл хүний идэвх санаачилга, зүтгэлээс амжилт олдог. Тиймээс хуулийн бичвэрийг ойлгох асуудал нэг хэрэг, харин түүнд амь оруулж хэрэгжүүлэх нь удирдлагын манлайлал, хамтран зүтгэгчдийн ойлголцол, байнгын хичээл зүтгэл шаарддаг ажил юм” гэв. 

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэний болон захиргааны зарим хэргийн харьяаллыг зааглан тогтоох, Иргэний хэрэг болон Эрүүгийн хэргийн хүрээн дэх сэтгэл санааны гэм хорыг тооцох аргачлалыг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН