Нүүр хуудасМэдээДШ: 2024 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1562 иргэн хүсэлт ирүүлж, 1594...

ДШ: 2024 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1562 иргэн хүсэлт ирүүлж, 1594 лавлагаа гаргалаа

Улсын дээд шүүхээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авч, хуульд заасан журмын дагуу олгох ажлыг зохион байгууллаа.

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1562 иргэн хүсэлтээ ирүүлж, давхардсан тоогоор нийт 1594 лавлагаа олголоо. Үүнд,

  • Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй эсэх лавлагааг 96 иргэнд
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолтоор төлбөртэй 42 иргэнд
  • “Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй” гэсэн лавлагааг давхардсан тоогоор 1456 иргэнд олгож ажиллав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, төлбөргүй гэсэн тодорхойлолтоо дахин ирүүлсэн 6, улс төрийн нам эвслээ өөрчлүүлэх хүсэлт 14, бусад шалтгаанаар 12 иргэн дахин лавлагаа авах хүсэлт ирүүлснийг холбогдох журмыг дагуу дахин олгосон юм.

Түүнчлэн 1594 лавлагаанаас албан бичгийн хэвлэмэл хуудсаар албажуулсан 49, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн И-Монголиа цахим системээр боловсруулан, хянуулж, тоон гарын үсгээр баталгаажуулсан 1545 лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд цахимаар бүрэн илгээв.

“Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх” лавлагааг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 37 Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Үндэсний ба Олон Улсын арилжааны Арбитр, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн сан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын сангаас тус тус шүүлт хийлгэн, мэдээллийг нэгтгэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН