Нүүр хуудасМэдээ“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

“Дүнжингарав”-ын түрээслэгчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

“Дүнжингарав”-ын түрээсийг гэнэт 42 хувиар буюу 995 мянган төгрөг болгон нэмсэн тул түрээслэгчид нь есдүгээр сарын 18-нд тус худалдааны төвийн урд жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал үр дүнд хүрээгүй юм. Иймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа талаар түрээслэгчид өнөөдөр /2019.9.26/ мэдээлэл хийлээ.

Одоогоор есөн түрээслэгч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд тодорхой хугацаа товлолгүй ч ойрын хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Өлсгөлөнд Баянгол дүүргийн зарим худалдаачид нэгдэх юм байна.

БГД-ийн иргэн Д.Цэцгээ ”Би ажлын байраа алдсан хүний хувьд энэ “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчидтэй нэгдэж байна. Өнөөдөр манай БГД-т худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг илэрхий зөрчиж байгааг С.Эрдэнэ гэдэг хүний заавраар ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Нийслэлд ядуурал нэмэгдсээр байгаад эрх мэдэлтнүүд анхаарал хандуулах цаг болсон гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Ж.Сүхбат “Бидний тавьсан шаардлагыг 24 цагт, дор хаяж 2-3 хоногт шийдвэрлээд өгөх атал 30 хоногт шийднэ хэмээн назгайруулж байгааг хоногийн хоолоо залгуулж байгаа энэ түрээслэгчид давж гарах уу? Үнэхээр хүнд байна. Бидний ар гэр, үр хүүхэд маань эх орондоо дарамт шахалтгүй хөдөлмөр эрхлээд амьдралаа аваад явах эрх байх ёстой. Иймд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байна” гэв.

“Дүнжингарав” худалдааны төвийн 514 дүгээр лангууны түрээслэгч Д.Пүрэвбаатар ” Тус худалдааны төвийн борлуулалтын албанаас надад мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд, Тус лангууг худалдан авах санал ирсэн. Түрээслэгч та 9 дүгээр сарын 24-ны дотор түрээсийн төлбөрийн хувьд санал болгосон үнийг хүлээж авахгүй бол дараагийн түрээслэгчид шилжүүлнэ. Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Батхүү хэмээх албан бичиг ирээд байна. Нийслэлд өөр хаана ч байхгүй хэт өндөр түрээсийн төлбөр авахыг шаардаж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Бид өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа. Өнөөдрийн байдлаар 9 хүн ийм тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо илэрхийлээд байна. Жирийн иргэдээ, хэн нэгэнд төвөг учруулахгүй хөдөлмөр эрхлээд амьдралаа аваад явах гэсэн хүсэл, чармайлтыг төр засаг нь дэмжиж, ажлын байр гаргаж өгөхийг бид шаардаж байна” гэлээ.


“Дүнжингарав” худалдааны төв нь 1200 гаруй түрээслэгчдтэй бөгөөд есдүгээр сарын 25-наас 450 мянган төгрөгийн түрээсийг 995 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН