Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар бүртгэлтэй судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, газрын үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн дүүргүүдийн газар олголтод хяналт шалгалтыг эхлүүллээ” гэв.
Залилах гэмт хэрэг өсжээ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдэж, 5.02 хувиар өссөн байна. Тухайлбал, хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар буурчээ. Харин залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн байна. Нийслэлийн хэмжээнд 1808 гэмт хэрэг бүртгэгджээ. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин өссөн. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8031 бүртгэгдэж, 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл өссөн байна.
Шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны зургаа, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 17 иргэнийг аварч, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 489, аврах ажиллагааны 56, нийт 546 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт. Өнгөрсөн бямба гарагт орсон цастай холбоотойгоор дуудлага, мэдээлэл ирээгүй” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд шар усны үер, усанд автсан дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт үйлчилгээний компанийн 35 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын автомашин, механизмтай шуурхай ажиллаж, дөрвөн км шороон далан босгон, 80 өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн шар өвсний түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Хотын дарга их хэмжээний цас орсон болон цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер болохоос сэргийлж ажиллахыг үүрэг болгов.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3750 зам тээврийн осол бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1052 зөрчил илрүүлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан 16 тохиолдол бүртгэгдсэн. Хүн гэмтсэн, нас барсан гэмт хэргийн гаралт буурсан, хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Харин эд материалын хохиролтой зам тээврийн осол нэмэгдсэн” хэмээв.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Хотын дарга хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, явуулын хоолны үйлчилгээг дэмжиж, үйлчилгээ эрхлэх боломжтой газруудыг тогтоож, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа бол үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажлын байрны талаарх мэдээллийг зарлаж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.
- Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах.
- Инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээхдээ “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага”-ыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлаа эхлүүлэх.
- Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зэрэг нийгэм, соёлын ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.