Нүүр хуудасМэдээД.Эрдэнэбат: АН Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарна

Д.Эрдэнэбат: АН Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарна

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс анх тавьсан шаардлага, зарчмын байр суурийг биелүүлэхгүй байгаа учир Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарах болсноо мэдэгдлээ. Ингээд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын яриаг хүргэе.

Д.Эрдэнэбат: “АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ тогтоолын төслийг өргөн барьж байгаа шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх гэж бодож байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцэх явцад АН-ын зарчмын байр суурийг илэрхийлсэн саналуудыг УИХ дээр хүлээж аваагүй унагаасан байгаа. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө Ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх Үндсэн хуулиа улам сайжруулах, Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 27 жилийн хугацааны гарч байгаа сургамжтай зүйл дээрээ алдаан дээрээ сургамж авч энийгээ засч сайжруулах чиглэлээр зарчмын 3 том байр суурийг илэрхийлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Нэгдүгээрт, хэрэв бид нар үнэхээр парламентын засаглалтай сонгодог парламенттай улс орон болж байгаа нь үнэн бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь бүх олон улсын жишигрүү орох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, үнэхээр энэ парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намын төлөвшил хариуцлага зайлшгүй шаардлагатай. Тэгснээрээ улс төрийн намуудын энэ төлөвшлийг дагаж УИХ өөрөө бодлогын байгууллага болж институци болж зөв зам руугаа орно гэж бид үзэж энэ сонгуулийн тогтолцоон дээр байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Харамсалтай нь энэ асуудал зарчмын байр суурь гол асуудал хүлээж аваагүй өчигдрийн чуулганаар уналаа.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал, нөгөөдөх нь тогтолцооны тухай асуудал. Тийм учраас өчигдөр АН-ын зөвлөл цаашид энэ чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байна гэдгээ илэрхийллээ.

Өнөөдөр хамгийн гол яригдаж байгаа шалтгаан юу вэ гэхээр цаашдаа энэ хэлэлцүүлэг зөв явж өрнөх нь үү үгүй юу гэдэг бидний анхаарлын төвд байгаа. Ялангуяа сүүлийн үеийн хэлэлцүүлгийг харахад санал олон удаа буцах, эрх баригчид хоорондоо үл ойлголцох өөрөө өөрсдөө асуудлаа булаах явдал түгээмэл болж байна. Энэ бол АН-тай огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

Өнөөдрийн санал хураалтан дээр 3 санал хураалтыг чагнаад сууж байхад нэгдүгээрт, УИХ-ыг эргүүлэн татах асуудал зөвшилцлийн явцад бид нар санал нийлсэн асуудал учраас энийг АН-ын Зөвлөлийн даргын хувьд би яг энэнтэй тохиолдсон учраас дэмжсэн. Энэ бол зайлшгүй байх ёстой бидний байр суурийн нэг байсан учраас дэмжсэн. Харин Засгийн газрын гишүүнийг давхар дээлтэй байлгах, засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь томилох асуудал бол зөвшилцлийн явцад бидний тавьсан байр суурьтай ижил байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Сая энэ дээр АН оролцсонгүй, санал өгсөнгүй гэсэн юм ярьж байгаатай санал нийлэхгүй байгаа. Ялангуяа давхар дээлтэй асуудал бол бид анхныхаа байр суурийг саналын томъёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэгт илэрхийлсэн.

Хэрвээ бид нар хуралдааныг орхиод хэлэлцүүлэгт суухгүй байгаа гэдгийг далимдуулан ийм байдлаар сөрөг улс төр хийж байгаа бол яавч болохгүй ээ. Бид энэ парламентыг эрүүл байлгыхан төлөө цаашдаа төлөвшил нь зөв байхын төлөө, Монгол улсын ирээдүйн хөгжлийг 20, 30 жилийн цаадахыг харж хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн боловч харамсалтай нь энэ дүр зураг өнөөдөр харагдахаа больсон байна. Тийм учраас бид өнөөдөр хэлэлцүүлгээс гарч байгаа гэдгээ та бүхэндээ уламжилъя.

Одоо ганцхан зөв, бурууг шүүх асуудал үлдлээ. Энэ бол ард түмэн энэ хуулийн зөв бурууг шүүх ийм боломж бүрдсэн учраас өнөөдөр бид нар энэ тогтоолын төслийг өргөн барьсан” гэлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН