Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг.  Тэр зорилтдоо илүү  анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана. Нэг үгээр хэлбэл, бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ гэсэн үг. Үүнээс өөр сонголт байхгүй. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.

Учир нь, өдрөөс өдөрт нийслэл хотын авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болоход ойрхон байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.  

Тиймээс хотын түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж буйгаа Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн хэлж байсан юм.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захилаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж байв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцсаны дараа Зуунмод хотын иргэдэд төрийн хүнд суртлыг хэрхэн багасгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийг шинэчилж, e-mongolia цонхтой холбож байгаа. Иргэдээс ирсэн санал асуулгыг тоймлож Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг болно. Иргэд e-mongolia цонхоор үйлчлүүлснээр хэн нэгэн албан тушаалтан дээр очихгүй, төрийн үйлчилгээг гар утсаараа авна гэдэг хүнд сурталтай нүүр тулахгүй. Жолооны үнэмлэхийг та заавал биедээ авч явах шаардлагагүй болно. Энэ мэт цахимжуулалтыг e-mongolia цонхоор дамжуулж хийж байна” хэмээсэн юм.  

Уулзалтад Ерөнхий сайдтай хамт Барилга* хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд байлцлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН