Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын (“COP17”) хүрээнд “Газар ба хүн төвт өдөр”-ийг тохиолдуулан “Энх тайвны ой санаачилга” (Peace Forest Inititiave)-аас зохион байгуулсан өндөр түвшний түншүүдийн дугуй ширээний уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.
Уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Др. Э.Одбаяр үг хэлж, Монгол Улс газрын нөхөн сэргээлт, бүс нутгийн хамтын ажиллагаа, энх тайвныг тогтоох үйлсэд оруулах хувь нэмрийн талаар танилцуулав.
Тэрээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх захирал Ясмин Фуад, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, БНСУ-ын Ойн албаны Ерөнхий захирал Ли Гван-хо нарын хамт нээлтийн арга хэмжээнд оролцов.
Дугуй ширээний уулзалтын зорилго нь хүчирхийлэл, мөргөлдөөнд өртсөн, эмзэг нөхцөлд буй бүс нутагт цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, хөрс-энх тайван-аюулгүй байдлын холбоог бэхжүүлэх болон тогтвортой газрын менежментийг санхүүжүүлэх шинэ арга замуудыг хэлэлцэхэд чиглэж байна.
Уулзалтад Төв Ази, Зүүн Африк, Европ, Латин Америк, Карибын бүс, Өмнөд Кавказ, Зүүн Өмнөд Ази, Баруун Африк, Баруун Азийн орнуудын сайд нар, олон улсын хөгжлийн түнш болон санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын тогтвортой байдлын талаар стратегийн хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Энх тайвны ой санаачилга” нь 2019 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын тэргүүний санаачилгаар БНСУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хил дамнасан, эмзэг, мөргөлдөөнд өртсөн нутаг дэвсгэрт газрын нөхөн сэргээлт, байгаль орчин, энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулах, дэмжлэг үзүүлэх олон талт түншлэл юм





