15.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 04:45:19
Нүүр хуудасЯрилцлагаЗимбабве Улсын нэг тэрбум долларын мөнгөн дэвсгэрттэй залуу

Зимбабве Улсын нэг тэрбум долларын мөнгөн дэвсгэрттэй залуу

Н.Хүдэрбат: ТУХАЙН ОРНЫ ХӨГЖЛИЙГ МӨНГӨН ДЭВСГЭРТЭЭС НЬ ХАРЖ БОЛДОГ

Бид энэ удаагийн “Хобби” буландаа ҮБХИС-ийн БХЭШХ-гийн Түүх судлалын төвийн мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хүдэрбатыг урьж оролцууллаа.

Хэзээнээс эхэлж мөнгөн тэмдэгтүүд цуглуулж эхлэв? Анх сонирхлыг тань хэрхэн татсан бэ?

  • Би 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн мото буудлагын батальонд үүрэг гүйцэтгэсэн. Ажиллагааны газар оронд очоод өмнөх цэргийн багтай ээлж солилцох үеэр дэслэгч С.Түвшинбаатар гэдэг залуутай танилцсан юм. Тухайн үед тэр залуу надад Катар Улсын мөнгөн дэвсгэртийг дурсгал болгон өгсөн нь миний цуглуулгын хамгийн анхных буюу эхлэл байсан гэж хэлж болно. Тэр өдрөөс хойш мөнгөн тэмдэгт цуглуулах хоббитой болсон. Өмнөд Судан Улсад өнгөрүүлсэн жил орчмын хугацаанд 70 гаруй улсын мөнгөн дэвсгэртийг цуглуулсан. Цуглуулгаа баяжуулахын тулд бусад орны цэргүүдтэй харилцах шаардлагатай болсон тул англи хэл сурч эхэлсэн. Энэ маань ч үр өгөөжөө өгч монгол орныхоо мөнгөн дэвсгэртийг өөр улсынхтай солилцох журмаар цуглуулгаа арвижуулж эхэлсэн дээ.

Таны цуглуулгаас хамгийн үнэ цэнтэй нь …

  • Хамгийн үнэ цэнтэй нь Германы эзэнт гүрний үе буюу 1910 онд үйлдвэрлэгдсэн мөнгөн дэвсгэрт юм. Учир нь тус мөнгөн дэвсгэртийг надад байгаа хамгийн эртнийх гэж хэлж болно. Олж авсан түүх нь ч сонин. Манай сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн оюутан Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу илтгэл тавих талаар надаас зөвлөгөө авч байсан юм. Жилийн дараа тэр залуу надтай таараад Герман Улсад сургуульд сурахаар болсон талаараа хэлсэн. Тухайн үед баяр хүргээд л өнгөрсөн. Хэдэн сарын дараа гадаадаас дуудлага ирж байна. Гайхаад утсаа автал өнөөх Д.Мөнх-Эрдэнэ дүү маань надад зориулаад зах дээрээс хуучны мөнгөн тэмдэгт худалдаж авсан талаараа дуулгасан. Тэр үед их л сэтгэл хөдөлж байснаа санаж байна.

Та цуглуулгаа тоолж үзсэн үү? Хэдэн улсын мөнгөн дэвсгэрт таны цуглуулгад байгаа вэ?

  • Миний тооцоогоор 170 улсын 300 орчим цаасан мөнгө бий. Дахиад 30 орчим орон үлдсэн. Ихэнх нь арлын улсуудын мөнгөн тэмдэгтүүд. Тэдгээрийг олж цуглуулна гэдэг тун амаргүй.

Мөнгөн дэвсгэрт юуг илэрхийлдэг вэ?

  • Мөнгөн дэвсгэрт тухайн орны тусгаар тогтнолын баталгаа болохоос гадна хөгжлийн түвшинг тодоор харуулдаг. Барууны өндөр хөгжилтэй орны мөнгөн дэвсгэртийг аль нэг буурай орныхтой харьцуулахад материал, нууцлалын хувьд маш их ялгаа харагддаг. Жишээ нь, Канад Улсын мөнгөн дэвсгэртийг базаад шидсэн ч нугалардаггүй. Тэр ч бүү хэл зарим орны мөнгөн дэвсгэртүүд шатдаггүй талаар ч цуглуулагчид ярьдаг.

Цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ?

  • Миний хоббиг гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч нар маань бүгд мэддэг учир мөнгөн дэвсгэртүүд бэлэглэдэг. Тухай бүрт нь хэн, хэзээ, ямар цолтой байхдаа алийг нь бэлэглэж байсан бэ гэдгийг нямбай гэгч нь бичээд хадгалчихдаг нь миний цуглуулгын нэг онцлог. Энэ нь хожим түүхэн баримт болж үлддэг гэдгээрээ сонирхолтой. Мөн гадаадын сургууль, зарим сургалт, дамжаа, цэргийн ажиллагаанд оролцохоор хилийн дээс алхаж буй найзууд, ах, эгч болон шавь нартаа тухайн орны мөнгөн тэмдэгтийг захидаг. Дээрээс нь, зоос, цаасан мөнгө цуглуулагчидтай холбоо тогтоож, улмаар өөрт байхгүй цуглуулгаа олж авдаг.

Цуглуулгынхаа хамгийн содноос сонирхуулахгүй юу?

  • Миний содон цуглуулгуудын нэг бол Шотланд Улсын мөнгөн дэвсгэрт. Шотланд Улс Их Британий нэг хэсэг ч гэсэн өөрсдийн онцлогийг харуулсан тусдаа мөнгөн дэвсгэрттэй. Үүнийг би Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн мото буудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байхдаа Английн инженерийн ротын нэг ахлагчаас бэлэг болгон авч байсан. Түүний аав нь шотланд хүн учраас өөрт нь энэ ховор цаасан мөнгө явж байж л дээ. Намайг энэ төрлийн хоббитой гэдгийг мэдээд надад өгсөн. Мөн Костарико Улсын мөнгөн тэмдэгт нь ил захидал шиг нэлэнхийдээ өнгөт том зурагтайгаар загварчлагдсан байдаг бол өмнө нь Английн колони орнууд байсан зарим улс одоо хүртэл Элизабет хатан хааны зургийг мөнгөн дэвсгэртдээ хүндэтгэн байршуулсан байдаг. Миний цуглуулгад тэдгээр цаасан мөнгөнүүд бий. Харин надад байгаа хамгийн содон цуглуулга бол Зимбабве Улсын нэг тэрбум долларын мөнгөн дэвсгэрт. Энэ бол эдийн засгийн уналтад орсон, мөнгөний үнэ цэн алдагдсан орныг батлах баримт. Тэгэхдээ 2016 оны 12 дугаар сард гүйлгээнээс хассан учир ашиглагдахаа больж, зүгээр л түүх болж үлдсэн. Харин одоо Зимбабве Улс бага тоотой мөнгөөр арилжаа хийдэг болсон.

Цаашид цуглуулгаа ямар байдлаар өргөжүүлэх вэ?

  • Би өөрөө түүхч хүн учир зарим нэг ховордсон мөнгөн дэвсгэртийг олж авахаар хайж байгаа. Жишээ нь, Орос Улс Хаант засаглалаа халж түр Засгийн газрыг байгуулсан үе буюу 1917 онд ашиглагдаж байсан мөнгөн тэмдэгт дээр хас тэмдгийг оруулсан байдаг нь миний судалгааны ажилтай холбогддог. Дээрээс нь, Монгол оронд хэрэглэгдэж байсан мөнгөн дэвсгэртүүдийг цуглуулах талаар сүүлийн үед түлхүү анхаарчбайна. Ямар ч цаасан мөнгө цуглуулагчийн мөрөөдөл бол “Данзангийндоллар”-ыг цуглуулгадаа нэмэх байдаг. Би ч мөн адил. Анх энэ доллар нийт 10.000 ширхэг хэвлэгдэж байсан ч хэдхэн жил ашиглагдаад устгалд орсон. Одоо маш ховордсон учир төдий чинээ үнэ цэнтэй. Зарим цуглуулагчид байдаг талаар сонсож байсан. Нэг ширхэг нь гэхэд хэдэн өрөө байрны үнэтэй тэнцдэг гэсэн яриа бий.

Өөр ямар цуглуулгатай вэ?

  • Би зоосон мөнгөний цуглуулгатай. Ерөнхийдөө 100 гаруй улсын зоос бий. Мөн дээрээс нь номын цуглуулгатай. Ойролцоогоор 500 орчим ном миний номын санг эзэлдэг. Ихэвчлэн социализмын үед хэвлэгдэж байсан алтан үеийн зохиолчдын номууд зонхилдог. Жишээ нь “Манан будан”, “Зүрхний хилэн”, “Газар шороо” гэх зэрэг. Тэгэхдээ зохиолуудын хамгийн анхны хэвлэлтүүдийг цуглуулдаг онцлогтой. Сүүлийн үед цэргийн сэдэвтэй түүхийн номууд цуглуулж байна.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН