Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлт”-ийн жил болгон зарласантай холбогдуулан Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги, Нийслэлийн “Шинэ үе” ерөнхий боловсролын сургуультай хамтран 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн 7 дугаар ангийн сурагчид, эцэг эхийн төлөөлөлд ангийн онцлог болон өдөр тутмын үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь сурагчдыг угтан авч өглөөний цайгаар дайлан, ангийн өглөөний нэгдэлтэй танилцуулснаар эхэлсэн бөгөөд Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Монгол Улсын Агаарын Хилийн манаанд алхаад марш командаар бие бүрэлдэхүүн жагсаалын алхаагаар алхаж байгаа нь сурагчдын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
Эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ангийн танилцуулга, командын байрны үйл ажиллагааг танилцуулж, ангийн алба, тасгууд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр галын бэлтгэл, хими, холбоо, биеийн тамир, эмнэлэг, ар талын цэгүүдийг урьдчилан бэлтгэж сурагчдад үзүүлж танилцууллаа.

Мөн холбооны ТА-57 аппаратаар бодитоор холбооны ажиллагааг зохион байгуулсан ба сурагчид нэг нэгнийгээ “Шонхор”-оо “Бүргэд”-ээ хэмээн дуудаж яг л кинон дээр гардаг шиг гоё юмаа хэмээн сэтгэл догдлон анхааралтай гэгч тайлбар танилцуулгыг чих тавин сонсож байлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд ангийн захирагч хурандаа Г.Чулуунзагд сурагчдад дурсамж гардуулж, эрдмийн их аянд нь өндөр амжилт хүсэж, ирээдүйд хүссэн мэргэжлээрээ ажиллаж, эх орондоо хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай, зөв хандлагатай хүн болж өсөхийг хүссэн юм.
