Арлын орноос тал нутагт минь, нүүдэлчний уламжлалт хоолонд маань идээшин дасаж, өдгөө зөгийн балны аж ахуй эрхлэн ажиллуулж буй Япон бүсгүйтэй сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.
– Юуны өмнө манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Монголд анх хэзээ ирсэн бэ?
– Намайг Ибикүра Томоко гэдэг. 2015 оны хавраас “Михажи” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Манай компани зөгийн аж ахуй эрхэлдэг. Одоогоор зөгийн 200-аад бүлтэй. Анх 1997 онд Монголд ирсэн, 18 жил энд амьдарч байна даа.
– Яагаад зөгийн аж ахуйгаа Монголд хөгжүүлэхээр болов оо?
– Урьд нь Японд телевизийн нэвтрүүлгүүдэд орчуулагч хийдэг байлаа. Тэр үедээ дэлхийн олон улс орны зөгийчдийг танилцуулах нэгэн нэвтрүүлэг хийсэн юм. Олон зөгийчидтэй холбоо барьж, тэдэнтэй уулзахаар тэр зун Төв аймгийн Эрдэнэ, Бат-Сүмбэр сумаар явж, мөн Хөвсгөлөөр явсан. Тэгж явахдаа Монголд зөгийн аж ахуй сайн хөгжөөгүйг мэдэрч, цаашид хөгжүүлэх хэрэгтэй юм гэж бодсон доо. Тэгээд ч зөгийчний ажил надад их сайхан санагдсан. Хамгийн гол нь би өөрөө цэцгэнд дуртай болохоор байнга цэцгэн дунд байх боломжийг олгодог энэ ажил надад таалагдсан. Тэгээд л өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базааж, гурван сарын дараа зөгийн аж ахуйгаа эхлүүлсэн.
– Анх хэдэн бүл зөгийтэй эхэлж байв?
– Эхний жил манайх 30 бүл зөгийтэй байсан.
– 30 бүл зөгийнөөс хэр хэмжээний бал гарах вэ?
– Хүмүүс “10 кг бал авбал их юм” гэж байсан ч бид нэг тонн гаранг хураасан. Маллагаа сайн хийж, бэлчээрээ зөв сонгон, мөн цаг агаар нь сайхан байвал бал их хурааж чаддаг.
– Танай бэлчээр хаана байрладаг юм бэ?
– Эхний жил манайх Архангай, Өвөрхангайгаар бэлчээрлэсэн. Дараа жилээс нь хотод ойр байх үүднээс Төв аймгийн Цээл суманд нүүж очсон. Энэ жил Цээл суманд наймдугаар сар гартал гандуу байсан болохоор Сэлэнгэд зуссан даа.
– Сэлэнгэд зөгийн олон аж ахуй төвлөрсөн байдаг. Та бусад зөгий үржүүлэгчидтэй уулзаж, туршлага солилцов уу?
– Японоос мэргэжлийн хүмүүс ирээд зөгийн маллагааны талаар заавар зөвлөгөө өгч, гурван жил дараалан сургалт явуулсан. Тэдний заавар, технологиор зөгийгөө маллаж, зөгийн балаа үйлдвэрлэн Япон руу экспортолж байна.
– Хэзээнээс ийнхүү экспортоор гаргах болов? Япон, Монгол стандартын хооронд хэр зөрүү байдаг бол?
– Стандартын хувьд ерөнхийдөө ойролцоо. Харин стандартаа ягштал мөрдөж байгаа эсэх нь чухал. Бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангаж ажиллаж байгаа газар цөөхөн байна. Энэ нь маллагаанаас ихээхэн шалтгаалдаг.
– Авгалдай зөгий болтол хэр хугацаа ордог юм бэ?
– Хорин нэг орчим хоног болдог. Нялх зөгий гарч ирээд нүхнийхээ цэвэрлэгээг хийж, хэд хоногийн дараа дүү нараа, бусад авгалдайнуудыг асарч эхэлнэ. Жаахан том болоод бие гүйцсэн зөгийнүүдийн авчирсан балыг амаар хурааж аваад, нүх рүү хураадаг нярвын ажлыг хийж эхэлнэ. Насанд хүрэхээрээ бал хураахаар явна, хамгаалагч хийнэ, манаач болно гэх мэтээр нас насаараа үүрэг хариуцалга нь өөр.
– Нэг хайрцагт хэдэн зөгий амьдардаг бол?
– Зуны цагт 30-аад мянган зөгий нэг хайрцагт амьдардаг. Мөн ажилчин зөгий нь зуны цагт 45 хоногоос илүү амьдардаггүй.
– Танай зөгийн аж ахуйн бусдаас ялгарах онцлог юу вэ?
Нэгдүгээрт бид балаа цэцэг цэцгийнхээр нь ангилж, ялган хураадаг. Хоёрдугаарт маллагааны хувь нэлээд ялгаатай. Тухайлбал бид зөгийнүүдээ аль болох алж хороохгүйгээр балаа хураадаг. Харин ихэнх аж ахуйнууд балаа хураахдаа авгалдайтайгаа хамт сэгсрэгч машин руу хийчихдэг тал бий. Мөн технологийн ялгаа нэлээд гардаг. Бид өдрийн цагт биш, үүрээр балаа хураадаг. Тухайн өдрийн шинэхэн цэцгийн шүүсийг зөгийнөөс урьтан хурааж байна гэсэн үг. Тэгэхээр зөгийн бал их өтгөн, сайн чанартай гардаг.
– Ярианыхаа сэдвийг өөрчлөөд хоол гэдэг сэдэв рүү оръё. Таны өөрийнхөө бодлоор хоол гэдэг зүйлийг тодорхойлбол…
– Миний бодлоор хоол бол өдөр тутмын баяр баясгалан юм.
– Монголчуудын дунд “Идэх гэж амьдардаг уу, амьдрах гэж иддэг үү?” гэдэг асуулт их яригддаг. Харин та?
– Ийм үг анх удаа сонсож байна. Би бол идэх гэж амьдардаг /инээв/.
– Монгол үндэсний хоолнуудаас алийг нь хамгийн сайн хийдэг вэ?
– “Гурилтай шөл”-ийг их сайн хийдэг дээ.
– Таны гэр бүлийн хүн та хоёрын хооллох хэв маягт асуудал тулгарч байв уу?
– Япон хоолонд ихэнхдээ амт сул бүтээгдэхүүнүүд ордог. Будааг тосгүй, давс хийхгүйгээр агшаана. Дүпү их иднэ, онцлог нь өөрийн гэсэн ямар ч амтгүй. Тийм болохоор Япон хүнсэнд манай нөхөр дургүй байсан. Харин би цагаан идээ идэхдээ тааруу, айраг ч ууж чаддаггүй байлаа. Гэхдээ одоо бол айрганд зөгийн бал хийгээд уучихдаг болсон. Би төмсөнд их дургүй, гэтэл нөхөр маань нэлээд дуртай, төмсний хучмал идэх гээд байдаг. Анх гэрлэж байхад энэ мэтчилэн олон асуудал тулгардаг байлаа. Харин арван хэдэн жил хамт амьдарч байж бид хоёр одоо л нэг нэгнийхээ дуртай хоолонд уусаж байна даа.
– Япон хүнтэй уулзсаных сушины талаар ярилцалгүй өнгөрч болохгүй байх.
– Би сушинд их дуртай, тааруухан сушиг ч голохгүй идчихдэг. Японд, тэр тусмаа Токиод үнэтэй сушины газарт нэг удаа үйлчлүүлэхэд 500 мянгаас нэг сая гаруй төгрөг төлдөг. Тийм газар ороход ертөнц шал өөр болдог шүү. Энэ загасыг яаж идвэл, яаж зүсвэл, юутай идвэл, будааг нь яаж базвал тохирох вэ гэдгийг маш няхуур бодож хийдэг. Үнэхээр гайхамшигтай.
– Монгол хоолонд хэр хурдан дассан бэ?
– Монгол хоолыг гололгүй иддэг болтол гурван жил болсон дог. Энд гурван жил болоод Японд очоод хоол идтэл нэг л биш ээ. Аргагүй шүү дээ, тэнд яснаас шөл гардаггүй юм чинь. Тэгээд амт нь сул санагдах тэр үед л өөрийгөө монгол хоолонд дассанаа мэдсэн дээ.
– Танай гэр бүлийн гол хүнс?
– Хонины мах. Манай гэр бүл шөлтэй хоолонд их дуртай, яснаас шөл гаргаад амтлагчгүй хоол хийж иддэг. Япон хүмүүсийн хонины махны хэрэглээг үзвэл нэг жилд нэг хүнд нэг кг ч хүрэхгүй ногддог. Тэгэхээр би хооллолтын хувьд их монголжсон байгаа биз.
– Хүүхэд насны хоолтой холбоотой дурсамж
– Хоёр, гуравдугаар ангид сурдаг байхдаа Японы сурах бичиг дээр амралтын өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлсэн тухай сэдэвт хүүхдийн хоол хийж, аав ээжийгээ баярлуулсан тухай эх байсан. Түүнийг уншаад аав, ээжийгээ амарч байхад нь эрт босоод хоол хийж өгсөн дөө. Тэд маань ч баярлаэ, би ч хоол хийхийн сайхныг анх мэдэрч ойлгосон. Бас манай аав, ээж хоёрын нутаг өөр, өөр газар байдаг. Ээжийн нутаг Японы урд хэсэгт Мияазаки гэдэг дулаан газар, миний төрсөн нутаг. Харин аавын нутаг хойд хэсэгт орших Ямагада гэдэг цастай газар /Ошин олон ангит кино хийгдсэн газар/. Япончуудын бүс нутаг байршлаасаа хамаараад хоол хүнс ихээхэн өөр байдаг. Аавын талын өвөө, эмээ дээрээ Ямагада очихоороо огт хоол идэж чаддаггүй байсан ч бас л гоё дурсамж. Их ядуу бүс нутаг, тэндхийн оршин суугчид баян ч бай, ядуу ч бай шарилж иддэг.
Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Миний жор сэтгүүл