Нүүр хуудасНийтлэлИдээ, шүүс бэлтгэх Монгол ёсон

Идээ, шүүс бэлтгэх Монгол ёсон

 Монголчууд бидний уламжлалт баяр “Цагаан сар”-тай холбоотой ёс заншлуудаас  мэдээлэл болгон хүргэж байгаа. Өнөөдөр бид идээ шүүс бэлтгэх ёсны талаар мэдээлэл хүргэх болно. Хэдийгээр Монгол түмэн идээ шүүс хэрхэн бэлтгэх, тавгаа яаж засахаа бүгд мэддэг хэдий ч бас мэдэхгүй ёс уламжлалууд олон байдаг. Мэддэг ч гэсэн мартчихсан зүйлүүдээ эргэн санаж сэргээхэд бэлтгэсэн мэдээлэл маань хэрэг болно байх. 

Ул боов гэсний учир

Цагаан сарын баяраар хүндэтгэлийнхээ тавгийг бид ул боовоор засдаг уламжлалтай. Тэгвэл ул боовыг яагаад ул боов хэмээн нэрлэсэн учир шалтгаанаас эхлэн мэдээллээ хүргэе.  Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэй холбогдож, мэдээлэл солилцож, хүч авч байдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, өөр орон зай руу шилжиж байдаг. Тэгэхээр “явах” гэсэн бэлгэдэл буюу “урагшлах” гэсэн бэлгэдлийг агуулж “ул боов” хэмээн нэрийджээ.

 УЛ БООВ Урт наслахын бэлгэдэл

Өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн бэлгэдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байсан нь өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг болжээ. Хүний таван махбодыг бэлгэдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг учиртай. Тавгийн идээний дээш явах үеийн тоо гэрийн эзний наснаас хамаарна. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг байна. Одоо айлууд доод сууриа гурваар, дөрвөөр тойруулан тавьдаг нь бэлгэдлийнхээ хувьд буруутаж байгаа хэрэг. Таван махбодийг бэлгэдсэн байхад дутуу сууриар засвал өөрийн махбодоо үгүй хийж буйг илэрхийлэх ажээ.

Залуу хүмүүс ТАВААР ГУРВАН ҮЕ явах ёстой

“Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ, эсвэл гурван үеэ үзээгүй залуус ингэж засдаг. Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгон таваар гурван үе таваг засдаг учир ийм.

Хэчнээн үе засах ёстой вэ? 60-80 хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе тавгийн идээ засдаг уламжлалтай.

УЛ БООВ ДОТРОО ГУРИЛ, БУДАА ХИЙХИЙГ ЦЭЭРЛЭДЭГ

Манайхан таваг доошоо хонхойж орох гээд байна хэмээн дотор талыг нь гурил, будаа хоёроор дүүргэх нь элбэг. Тэгвэл үүнийг цээрлэдэг төдийгүй харин зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулна. Дан цагаан идээ байрлуулдагийн учир нь тухайн цагийн ёс заншил, ахуй соёл нь өөрөө мал аж ахуйгаасаа хүн ард нь шууд хамааралтай байсныг илтгэдэг. Малын ашиг шимээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарцгаадаг байв.

ЕЭВЭН биш, ӨРӨМ дэвсдэг нь Монгол уламжлал

“Ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчраарай” хэмээн сайн сайхныг бэлгэдэн дуудаж цагаан идээгээ ул боов дээрээ байрлуулна. Харин эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавгийн идээн дээр еэвэн тавьдаггүй. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэх ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа бэлгэдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм.

Айлд ороод шууд тавгийн идээнд нь хүрдэг үү?

Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг учраас зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрнэ. Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой.

Гэрийн эзэн талийгч болсон ч ТАВГИЙН ИДЭЭ засах ёстой

Хэрвээ гэрийн эзэн талийгч болоод удаагүй, өөрөөр хэлбэл гурван жил болоогүй бол талийгчдаа зориулан тавгаа таваар, есөн үе засдаг. Нэгэнт яваад өгсөн юм чинь гээд хэдхэн боов тавьчихаж болохгүй. Гэхдээ талийгчдаа зассан тэрхүү идээ тусдаа тавигдана. Эцгийн явсны дараа гурван жил бүсгүй хүн ул тавихыг хорьдог, цээрлэдэг. Мөн тухайн айлын хүндэтгэлээс хамаарч өвчүү тавьдаг. Өвчүү бол хойчийн буянд зориулагддаг. Боломжтой бол үхрийн өвчүү, боломж бололцоогүй бол хонины өвчүү тавьдаг. Талийгчдаа зориулсан тавгаа ширээнийхээ хойморт засч, зочдоо зална. Гэхдээ энэ нь талийгчид тавьсан хүндэтгэлийн идээ учраас хүн хүрэхийг цээрлэдэг. Харин хүмүүс талийгчид буян нэмэхийг хүсвэл цагаан идээ нэмдэг. Талийгчдаа зориулсан идээгээ хураагаад хүртдэггүй, амсдаггүй бөгөөд үүнийг галын тахилгад өргөдөг.

ЦЭЭРЛЭХ ЁСОН

Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ. Мөн тийм бүсгүй айлд айлчлахад шүүсэнд хүрэхийг хориглоно. Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ. Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээдэг. Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь, удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг ёстой.

Сар шинийн идээг их идээ, бага идээ, цагаалага, битүүлэг гэж ялган хэлдэг. Их идээ гэдэг нь том цар тавганд хэвийн боовыг гурав, дөрвөөр нь суурилж гурав, тав, долоо, есөн үеэр засч цагаан идээ /Ширгэмэл идээ учраас ээзгийг шинэ сарын идээн дээр таьдаггүй/, бал бурмаар чимэглэнэ. Сондгой тоогоор өрдгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэддэг.

Төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг ёс бий.

Бага идээ гэдэг нь багахан тавганд зассан шүүс буюу өвчүү, хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийгээ битүүлэг гэх нь ч бий.

Ууц буюу мах тавих:

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц тавих, хөндөх ёс нь хүртэл өөр өөр байдаг.

Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо тавьдаг.

Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина.

Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон зооглох ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй.

Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь зооглоно.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН