“Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд болж, 1000 гаруй иргэн оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун албаныхаа 2017 оны ажлын тайлан болон 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн Газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг бүртгэн авч өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Газрын алба 20815 албан бичиг хүлээж авснаас 20718 шийдвэрлэлээ. Харин 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас 30694 шийдвэрлэсэн, 4249 өргөдөл шийдвэрлэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд нэг мэргэжилтэнд дунджаар 4 өргөдөл ирдэг бол 2017 онд нийслэл, дүүргийн Газрын албаны нэг газар зохион байгуулагч дунджаар 593 өргөдөл ирсэн байна. Энэ нь Газрын алба хэт өндөртэй ажилладаг гэдгийг харуулж байна.
Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлыг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах 28, эрх шилжүүлэх-25, зориулалт талбайн хэмжээ өөрчлөх-13.4, эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт-10, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх -9, гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт 8 хувийг эзэлж байна.
Газрын албанаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулж, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлсэн, нийслэлийн бүтээн байгуулалтын 79 ажлын газрыг бүрэн хийсэн, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхээр орц гарц чөлөөлөх ажлыг хийлээ.
Мөн иргэн аж ахуйн нэгжийг чирэгдүүлэхгүй байх үүднээс газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг болгосон, нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон, сургууль, цэцэрлэгийн хашаанд олгосон газрын эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн гээд иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр олон ажлыг зохион байгуулсан байна.
2018 онд ухаалаг газрын менежментийг нэвтрүүлэх, газрын бирж, газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийлүүлэх гэх мэт иргэдэд илүү нээлттэй, илүү ойр ажиллах, мэдээллийг ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна.
2018 оны 5-р сард газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусна. Хуулийн хугацааг сунгах талаар тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаагаа газрын албанаас мэдэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд маш ихээр дэмжиж байлаа.
Нийслэлийн хэмжээнд 2003-2017 оны хооронд нийт 190 мянга гаруй иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Нийслэлийн Газрын албанаас иргэдэд өмчлүүлэх боломжтой 79,9 мянган газар бий гэсэн судалгаа гаргасан. Тэгэхээр 2017 онд болон аяны хүрээнд өмчлүүлсэн газраас бусад талбарыг 2018 онд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн дийлэнх нь газрын маргаанаас үүдэн олон жилийн турш хөөцөлдөж байгаа ч газраа авч чадахгүй байгаа талаар хэлж байсан бөгөөд иргэдийн гомдол саналыг нэг бүрчлэн хүлээн авч, танилцаад нэн даруй судалж, шийдлийг тодорхойлно гэдгээ нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлж байлаа гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.