Хүүхдийн мөнгийг ирэх оноос хуримтлалд шилжүүлэх ч тодорхой хугацаанд сонголттой байхаар төлөвлөжээ.
Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 буюу эхний хагас жилд 100 мянга хүртэлх төгрөгийг авч болно. Хүсвэл хуримтлал руу шилжүүлж болох бөгөөд энэ нь инфляцаас хамгаалсан арилжааны хүүгээр өссөн хэлбэртэй байх болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ тодотгов. Мөн Хадгаламжийн даатгалын корпорацын төрөөс зохицуулагддаг даатгалд бүрэн хамгаалагдах юм байна.
Харин долоодугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгөөс доошгүй нь хадгаламжинд хуримтлагдана. Харин 50 мянга хүртэлх төгрөгийг сонголттойгоор буюу гар дээрээ авч болно. Ийм маягаар халамжаас хуримтлал руу үе шаттай шилжихээр төлөвлөж байна гэлээ.