-11.9 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 08:15:06
Нүүр хуудасМэдээИрэх 4 дүгээр сард автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно

Ирэх 4 дүгээр сард автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автзозам барилгын төслүүд, түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцлээ.

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарцын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн хэсэгт найман жижиг замыг шинээр барих, өргөтгөхөд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Тухайлбал,

  • Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг,
  • Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая,
  • Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулахад 31.6 сая төгрөг шаардлагатай аж.

Мөн Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн байна.

Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Ажлын хэсгээс хоёр төрлийн санал боловсруулсан байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН УУЛЗВАРЫН ГҮҮРЭН ГАРЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Нэгдүгээрт, дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.

Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж.

Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм байна. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгож байлаа.

УЛААНБААТАР ХОТОД ХИЙГДЭХ ДЭД БҮТЦИЙН АЖЛЫН ХУВААРИЙГ ГАРГАЖЭЭ

Улаанбаатар хотод 2018 онд хийгдэх дэд бүтцийн өргөтгөл шинэчлэл, их засвар, урсгал засварын ажлын нэгдсэн хуваарийн талаарх танилцуулгыг нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа хийлээ.

Улаанбаатар хотод 2018 онд хийгдэх дэд бүтцийн ажлын хуваарийг уялдуулах талаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, инженерийн дэд бүтцийн хангагч байгууллагуудын ерөнхий инженер болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хуралдсан. Хурлаас дэд бүтцийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг уялдуулан гаргаж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн аж. Тус ажлын хүрээнд 10 чиглэлээр нийт 241 ажлын гүйцэтгэх хуваарийг уялдуулан нэгтгэн гаргажээ.

ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙХЭД ХАМГИЙН ДЭЭД ТАЛ НЬ 7 ХОНОГИЙН ДОТОР ХАЛУУН УСЫГ ХААХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр 3 чухал асуудлыг нээлттэйгээр хэлэлцэж байна. Дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, их засвар, урсгал засварын ажил, Замын хөдөлгөөнийг зохион байгуулах, түгжрэлийг бууруулах ажил, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудал нь жил бүр иргэдийн анхаарлыг татдаг.

Зун болохоор зам барих, дулааны шугам сүлжээ болон цэвэр усны шугам, ариутгал, татуургыг солихтой холбоотой авто замыг хаадаг. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоогүйн улмаас жил бүр засвар шинэчлэлийн ажил хийгддэг. Тиймээс эдгээр ажлыг уялдуулах үүднээс дэд бүтэц, өргөтгөл шинэчлэлийн ажлын график гаргасан. Энд ямар ажил хэзээ эхлээд хэзээ дуусах талаар дэлгэрэнгүйгээр гарч байна. Графикийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, заасан хугацаандаа амжиж дэд бүтцийн ажлыг хийж дуусгах юм.

Улаанбаатар хотод дэд бүтцийн чиглэлд энэ жил хөрөнгө оруулалт нэлээн идэвхжих хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх төслийн ажил энэ зун нэлээн идэвхжинэ. Тиймээс нэгдсэн ажлын графикийн дагуу явна. Өнөөдөр батлагдаж гарч буй графикийн дагуу холбогдох байгууллагынхан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, урьдчилан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах хэрэгтэй. Өмнө нь хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь 7 хоногийн дотор халуун усыг хаахаар төлөвлөж байгаа. Болж өгвөл хэрэглээний халуун усыг хаахгүйгээр засвар шинэчлэлийн ажил хийхэд онцгой анхаарч ажиллана.

Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажил маш чухал. Монгол Улсын хэмжээнд жилдээ 40 орчим мянган автомашин орж ирдэг. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл бидэнд ирж буй мэдээллээр нэг ч автомашин хогийн цэгт очихгүй байна гэсэн судалгаа бий.

Хоёр томоохон гүүрэн гарцын ажил нийслэл хотод эхлэх учраас авто замын түгжрэл маш ихээр гарна. Тиймээс энэ талд онцгой анхаарал хандуулж ажиллана. Энэ зун бүтээн байгуулалттай холбоотойгоор автозамын ачаалал ихэсч, хүндрэлтэй болно. Тиймээс иргэд үүнийг ойлгож замын хөдөлгөөндөө соёлтой, хүлээцтэй хандаж оролцохыг уриалж байна. Иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хаврын бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН