НАУРЫЗ, Пер. Ноу-шинэ, рыз, роз – шинэ өдөр гэсэн утгатай үг.
Мөн Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний “ноу” “нов” “нав” гэсэн авиа сэлгэх хувилбартай, “шинэ” “руз” (рыз) “өдөр” гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн “Наурыз” буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай хэмээн тайлбарладаг.
Наурызын баяр нь өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд дорно зүгийн ард түмний цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. Энэ баяр нь казахуудын ахуйн бэлгэдэлтэй холбогдоно. Настан буурлууд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.
Золгохдоо хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрч “Наурызын баярын мэнд хүргэе, Муу бүхэн газрын гаваар орог, улс орон минь амгалан болтугай, идээ будаа арвин байг! Талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой” гэх мэт ерөөлийн үгсийг хэлдэг. Залуучууд өндөр настандаа очиж золгоно.
Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, Көкпар-тулам булаацалдах, Бейге, Кыз Куар-охин хөөх, Жамбы ату – Ембүү харваа, Айтыс зэрэг үндэсний тоглоом наадгайгаар наадна. Энэ баяраар идээ ундаа, мах, давс, гурил, хөц будаа, үр тарианы төрөл, цагаан идээ, өөх тос зэрэг долоогоос доошгүй орц бүхий наурыз – көже буюу шөл хийнэ. Баяраар олон айлд шөл уувал төчнөөн сайн гэнэ.
Наурызын баярын хүндэтгэлийн зоогт “каз”, буталж нүдсэн ээзгий, үзэм, жигнэмэг зэргийг адууны тосоор багсарч хийсэн “жент” хэмээх өвөрмөц идээний төрөл орно. Баяраар айлд орсон хүн бүр эхлээд “жент”- ээс түрүүлж амсах ёстой. Гэрийн эзэгтэй мах шүүсийг бэлдэж, шүүсэндээ малын мөч бүхнээс оролцуулна. “Наурыз – көже”-д ордог эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үзнэ.
Энэ баярын үеэр архи хэрэглэхийг цээрлэнэ. Наурызын баярын нэгэн өвөрмөц зан үйл бол гар угаах ёслол. Энэ зан үйлд зориулж гэрийн эзэгтэй Сулык, Малык хэмээх хоёр алчуур бэлдэнэ. Гар угаасны дараа “Сулык” алчуураар арчина. Хоолны дараах тосны алчуур бол “Малык” юм.
Энэ хоёр алчуурыг сольж хэрэглэх цээртэй.
БСШУС-ын сайдын тушаал /2019.11.29, А/759/-аар Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” айн гуравт бүртгэсэн.
Эх сурвалж:
1.Соёл урлагийн тайлбар толь. Соёлын өв. VI боть. Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль. УБ. 2020. х. 206
2. Соёлын өвийн үндэсний төв. УНБМС.