Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: Усны тухай хуулийн төслүүдээр завсарлага авлаа

МАН-ын бүлэг: Усны тухай хуулийн төслүүдээр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.05/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага тус тус авав.

УИХ дахь МАН-ын бүлэг “Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг барихыг хориглох зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөлд туссан эргэлзээтэй асуудлуудыг хууль санаачлагчдаас тодруулж, мэдээлэл авч, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай” гэж үзжээ.

Хуралдаан Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-аас томилдог байгууллагын цалин хөлсийг тухай бүрд нь хэлэлцдэг байдлыг халж, нэгдсэн цалин хөлсний бодлогын хүрээнд цогцоор нь итгэлцүүрийн аргачлалаар тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд УИХ-ын дарга Төрийн албаны зөвлөлд цалингийн нэгдсэн бодлого тодорхойлж хэлэлцүүлэх үүрэг өгсөн юм.

Мөн “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх, суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор тодорхой арга хэмжээ авах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Засгийн газар Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах, сангийн хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахаар тусгасан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын санал хураалтыг маргааш буюу Баасан гарагт явуулахаар тогтож өнөөдрийн хуралдаан өндөрлөв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН