Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: Хөвсгөлийн хөгжлийн шинэ хуудсыг нээх Хатгал–Ханх чиглэлийн 180 км автозамын...

МАН-ын бүлэг: Хөвсгөлийн хөгжлийн шинэ хуудсыг нээх Хатгал–Ханх чиглэлийн 180 км автозамын ажил эхэлжээ

Хөвсгөл аймгийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулах Хатгал–Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь бүс нутгийн дэд бүтэц, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Энэхүү автозам нь орчин үеийн инженерийн шийдэл, олон улсын стандартад нийцсэн байдлаар баригдах бөгөөд Сантын даваа, Нууртын даваа зэрэг гурван байршилд авто машины томоохон зогсоол байгуулах юм. Мөн нийт 33 гүүрэн байгууламж, зэрлэг ан, амьтны гарц, мөнх цэвдгийг хамгаалах чулуун далан, нэмэлт хучилтын шийдэл зэрэг байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан дэд бүтцийн цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөвсгөл далайг түшиглэсэн аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд Ханх сум нь Оросын Холбооны Улстай хиллэдэг, олон улсын аялал жуулчлалын стратегийн чухал бүс нутаг юм. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Хатгал–Ханх чиглэлийн зорчих нөхцөл эрс сайжирч, дотоод болон гадаадын жуулчдын урсгал нэмэгдэхээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрлэгчид, малчдын орлого, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх бодит нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн уг зам нь Монгол Улс, Оросын Холбооны Улсыг холбосон худалдаа, тээвэр, аялал жуулчлалын шинэ коридор болж, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хатгал–Тойлогт чиглэлийн 37.9 км автозамын бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс гадна ирэх оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд Солонготын даваа–Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийг тусгуулахаар санал боловсруулан ажиллаж байгаа бөгөөд уг төслийн ажлыг ирэх онд эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН