Нүүр хуудасМэдээМЗХ түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна

МЗХ түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол улсдаа төдийгүй төв Азидаа анхны залуучуудын байгууллага нь болсон Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр холбооны ахмадууд, удирдлагууд болон зочид төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Үүний дараа хүндэтгэлийн хурлаа хийж, МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бие төлөөлөгч, МЗХ ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дашжамц, УИХ-ын гишүүн Н.Учрал, JCI байгууллагын Ерөнхийлөгч Г.Баярмагнай, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар болон бүтцийн салбар хороодын тэргүүн, тэргүүлэгчид, хүндэт зочид баярын мэндчилгээ болон илтгэл тавилаа.

“Өнөөдөр бид МЗХ-ны үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар, МЗХ-ны анхны дарга Х.Чойбалсан нарт цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. 100 жилийн ойн хүрээндээ бид залуучуудыг хөгжүүлэх ажил түлхүү санаачлан хийхээр төлөвлөж байгаа ч КОВИД-19 цар тахлын улмаас төдийлөн олон үйл ажиллагаа зохион байгуулж чадахгүй байна. Бидний цаашид хийх ажлын нэг бол “ЦЭРГИЙН ШИНЭЧЛЭЛ” хөтөлбөр юм. Одоо судалгааны ажил явж байна. Мөн хорих ангиудыг сургууль болгох хөтөлбөр эхлүүлэхээр зорьж байгаа. Ял эдлээд гарч ирж байгаа хүн улам муу хүн болох бус харин сурч боловсрон хүмүүждэг байгаасай. Тэднийг гараад ирэхэд хүмүүс гадуурхалгүй, ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдрах үүдийг нь нээж өгөх хэрэгтэй” гэж МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од онцолсон.

Мөн МЗХ баярын хурлаа хийж, ойн медал гардуулахаас гадна МЗХ-нд олон жил ажилласан н.Амарбаясгалан, н.Долгоржав нарыг 2 өрөө байраар шагналаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН