Нүүр хуудасБусадМонголчуудын хамгийн олноор хийлгэж байгаа “Синофарм”-ын вакцины талаар...

Монголчуудын хамгийн олноор хийлгэж байгаа “Синофарм”-ын вакцины талаар…

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Веросел” вакциныг яаралтай горимоор ашиглаж болох вакцинуудын жагсаалтдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт оруулснаар уг вакцин нь ДЭМБ-ын аюулгүй байдал, үр дүн болоод чанарын шаардлагыг хангасан зургаа дахь вакцин болсон юм.

ДЭМБ-ын энэхүү зөвшөөрөл нь судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл болоод аюулгүй байдлын хувьд “Синофарм”-ын вакцин нь олон улсын стандартад нийцэж буйг илтгэж байна. Хамгийн чухал нь, ДЭМБ зөвшөөрсөн учир уг вакцин нь дэлхий даяар вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй тараах зорилго бүхий “КОВАКС” хөтөлбөрт нийлүүлэгдэж, энэ цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэлд илүү их хувь нэмэр оруулах боломжтой болж байна.

Дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын тархалт эргэн нэмэгдэж буй энэ үед БНХАУ нь 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагуудад вакцинуудаа нийлүүлж байна.

Хамгийн сүүлд л гэхэд Пакистан, Азербайжан, Филиппин, Умард Македон болон Унгар зэрэг улс Хятад улсаас вакцин авчээ.

Азербайжаны Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Теймур Мусаев БНХАУ-ын “Синовак” үйлдвэрийн “КоронаВак” вакциныг “ямар ч аюулгүй” гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр, тус улсын 1.6 сая гаруй иргэн “КоронаВак” вакцины эхний тунг, 600 мянган хүн хоёр тунг хийлгэжээ.

“Синофарм”-ын “Веросел” вакциныг ашигласан Европын Холбооны (ЕХ) анхны улс болсон Унгар нь ЕХ-ны улс орнууд дундаа вакцинжуулалтын түвшнээр тэргүүлж буй улсуудын нэг болоод байна. Унгар улс нь Хятадаас 5 сая тун вакцин авах гэрээ байгуулаад байгаа бөгөөд одоогоор 2 сая гаруй тун вакцин хүлээн аваад байгаа юм.

Үүний зэрэгцээ дэлхийн хэд хэдэн улс орны удирдагчид, тухайлбал Бүгд Найрамдах Доминикан Улсын Ерөнхийлөгч Луис Абинадер, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте, Умард Македоны Ерөнхий сайд Зоран Заев нар өнгөрсөн долоо хоногт хятад вакцин тариулж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг ард иргэддээ уриалжээ.

Түүнчлэн Хятадын вакцин үйлдвэрлэгчид нь вакциныг хамтран үйлдвэрлэх чиглэлээр хэд хэдэн улс оронтой хамтран ажиллаж байна.

Тухайлбал, “Синофарм” үйлдвэр болон Аргентины компаниуд вакцин үйлдвэрлэлийн техникийн асуудлаар хэлэлцээ хийж буй бөгөөд удахгүй үйлдвэрлэлийн ажилдаа орно гэж Аргентин дахь Хятадын ЭСЯ саяхан мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, дэлхийн хэмжээнд нийт 1.1 тэрбум гаруй хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байгаа бөгөөд тэдний 80 гаруй хувь нь өндөр болон дундаас дээш орлоготой улс орнуудын иргэд бол ердөө 0.3 хувь нь л бага орлоготой орнуудын иргэд байна.

Дэлхий даяар вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй тараах зорилго бүхий “КОВАКС” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэхээ БНХАУ  амлаад байгаа юм.

“Синофарм” үйлдвэр нь энэ онд 1 тэрбум гаруй, цаашид 3 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Ашигласан эх сурвалж: https://news.cgtn.com/news/2021-05-10/Sinopharm-s-WHO-approval-accelerates-global-vaccination-process-107BocCV4OY/index.html?fbclid=IwAR1trc8z-4CINjrxaVUioql6XYNSKwM98jWFBKf6OaBNepETenHY4vEtROY

Бичсэн: Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН