Нүүр хуудасМэдээМонголчууд уран олборлохыг эсэргүүцсэн шүүх хуралд Засгийн газар хэзээ оролцох вэ?

Монголчууд уран олборлохыг эсэргүүцсэн шүүх хуралд Засгийн газар хэзээ оролцох вэ?

Монголчууд уран олборлохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан саяхны хэдэн жилээс л гарах болсон. Цөмийн энерги, уран гэдгийг сайн мэдэх нь цөөхөн ч сөргөөр хүлээж авах хэсэг нь илүү байгаа юм. Арга ч үгүй, байгаль экологи болоод хүн малд ч сөрөг нөлөөтэй гэдгийг олон зүйлээр нотолж болно. Дуугарсан хэд нь шантаажчин болж, дуугаа өргөх ёстой хэд нь хөшигний ард үлдсээр л…

Дорноговийн Улаанбадрах суманд уран олборлож буй “Бадрах энержи” компани, эсэргүүцэж байгаа Монголын ТББ-ууд, хөдөлгөөн, холбоодын тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр.

Энэ асуудлыг эргэн сануулбал, Эх орондоо уран олборлохыг эсэргүүцсэн Монголчууд эцэстээ шүүхэд хандаад хоёр жил болж байна. Тодруулбал, “Бадрах энержи” ХХК-ийн лицензийг цуцлуулах шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг 2018.10.08-нд Захиргааны хэргийн шүүхэд болж гуравдагч этгээдийн хүсэлтээр хойшилсноор өнөөдрийг хүртэл 37 удаа хойшилсон байдаг. Ингэж олон удаа хойшилсны эцэст анх удаа шүүх хурал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болсон ч дахин ирэх есдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хойшилсон юм. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь нэхэмжлэгч гэрч асууна гэснээс гадна гуравдагчийн өмгөөлөгчийг зайлшгүй байлцуулах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулсан.

Энд уран болоод цөмийн энергийн хор нөлөө, сайн мууг ярихаас илүү өөр нэгэн асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу?

Монгол Улсад 2016 оноос эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уран олборлож байгаа Францын хөрөнгө оруулалттай “АРЕВА Монгол” ХХК буюу “Бадрах энержи” ХХК, өнөөг хүртэл нэршлээ солин үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. “Бадрах энержи” болохоос өмнө “Кожеговь” нэртэйгээр ч нэг хэсэг явсан.

Одоогийн “Бадрах энержи” компанийн мэдээллийг судалвал, гурван улсын хувь эзэмшлийн компани Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ хичнээн хэмжээний уран олборлож, эсвэл судлаж байгаа нь тодорхойгүй, хаагдмал гэвэл хилсдэхгүй.  

Хүснэгтэнд үзүүлснээр “Бадрах энержи” ХХК-ийн 66%-ийг “Арева Монгол” ХХК, түүний 66%-ийг “Орано Майнинг” Францын компани, түүний 90%-ийг Франц улсын Засгийн газар эзэмшиж байна. Харин “Арева Монгол” ХХК-ийн 34%-ийг Японы “Мицубиши” корпораци эзэмшиж байгаа юм.

Тэгвэл “Бадрах энержи” ХХК-ийн үлдсэн 34%-ийг Монголын тал буюу “Мон Атом” ХХК, түүнийг “Эрдэнэс Монгол” ХХК 100% эзэмшиж, харин Засгийн газар Эрдэнэс Монголыг эзэмшиж байх жишээний.

Одоо үндсэн асуудалдаа оръё:

Шулуухан хэлэхэд Монголын талын 34 хувийг эзэмшдэг “Мон Атом” компани дээр дурьдсан шүүх хуралд суудаггүйгээс гадна, Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, эсвэл Цөмийн энергийн комиссыг төлөөлсөн нэг ч мэдэгдэл, бодлого, шийдвэрийн чанартай зүйл өнөөдрийг болтол гарсангүй. Засгийн газар болоод энэ асуудалд ямар нэгэн шийдэл эсвэл бодит байдлыг мэдээллэх ёстой төлөөлөгчид нь өнөөдрийг хүртэл яагаад дуугарсангүй вэ?

Үүний цаана ямар төлөвлөгөө байж болох вэ?

2019 оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсад нэг өдрийн айлчлал хийгээд буцахдаа үгэн доторх үг дайгаад буцсан. Өөрөөр хэлбэл өөрийн санаагаа товчхон илэрхийлээд буцсан юм. Энэ нь Монгол улсын цөмийн энергийг ашиглах хүсэлт байлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Роснефть” ч Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байгаа. “Росатом” нэгдлийн хувьд цөмийн энергийг анагаах ухаан болон хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт ашиглах чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэж хэлсэн явдал юм…

Монгол улс ОХУ-тай олон жил ахан дүүгийн харилцаатай, арвин их түүхтэй ч эдийн засаг, экспорт, импортод хангалттай хэмжээний ахицтай ажиллаж байгаа юу гэвэл бас л учир дутагдалтай. Хойд хөршөөс шатахуун, эрчим хүчний хараат байдаг манай улсад цөмийн энергиэ ашиглуулах нь тийм ч оновчтой сонголт биш байх болов уу?  Хэдийгээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т ордог ч манайхан ураны асуудалд туйлын болгоомжтой хандах ёстой, тийм ч байсаар ирсэн.

Ураныг эсэргүүцсэн шүүх хурал нь эцсийн дүндээ гурван орны харилцаа, хамтын ажиллагааг хөндөх асуудал. Гэтэл Монголын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тэр тусмаа уран олборлодог компани яагаад шүүх хуралд нь Монголын Засгийн газар суух хэрэггүй гэж том толгойлж байна вэ? Үүнийг Монгол улсын Засгийн газар, болоод Монгол улсын Ерөнхий сайд анхаарч нэг үзнэ биз ээ. Эсвэл “Мон Атом” чинь Засгийн газартаа хэлдэггүй юм уу???

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН