Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы ирц 68 гишүүнтэй 90 гаруй хувьтай байлаа.
Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндсэн хууль”-ийн уг эх дээр баруун гараа тавьж “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая” хэмээн тангараглалаа.
Түүнд зориулан ард түмнийг төлөөлж Монгол улсын баатар Ж.Гүррагчаа үг хэлсэн юм. Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр “Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өсч төрсөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа, өндөр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Намайг төрүүлж өгсөн бурхны орноос харж байгаа аав ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Ард түмний захиа даалгавар, үүрэг хариуцлага хүлээн хүлээн авч байна. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хууль бус хүн засагладаг төртэй болохын төлөө хичээн зүтгэнэ” гэлээ. Ийнхүү тангаргаа өргөсөн шинэ төрийн тэргүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тамгыг гардуулж өгснөөр түүний бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх юм.