17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 14:11:38
Нүүр хуудас Мэдээ Музейн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр...

Музейн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийг баталлаа

Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссанараар өнөөдрийн (2021.01.29) үдээс хойших нэгдсэн хуралдаан 13.00 цагт эхэллээ.

1.Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

    Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа.

    Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Байнгын хороо Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлжээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын санал гараагүй байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон 52 гишүүний 84.2 хувь нь дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

2.Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

    Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.  

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хууль хоорондын нийцлийг хангах шаардлага үүссэн тул Байнгын хороо Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсөлд тусгасан өөрчлөлтийн талаар холбогдох яамнаас санал авсан эсэхийг асууж, хариулт авсан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон олонх дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

3.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

    Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав.

Хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийг гүйцээн боловсруулж, холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсэнийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, нэгтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулж 7 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн хуулийн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг  санал, дүгнэлтэд дурдав.

Ц.Сэргэлэн гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэн тул төслийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, төслийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан. Түүнчлэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.  

4.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

    Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлжээ.

    Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон олонх дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

5.Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно”, 44.3 дахь хэсэгт “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Энэ өдрийн чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм.

Эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 90.9 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банк (монголбанк)-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг гишүүдийн олонх нь дэмжин баталлаа.

    Дараа нь Музейн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 50 нь дэмжснээр хууль батлагдсан юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн.

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 51 нь дэмжин баталлаа. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн хоёр төслийг тус бүр батлах санал хураалтыг явуулж, гишүүдийн олонх дэмжснээр хуулиуд батлагдсан юм.

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсан. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь дэмжснээр хууль батлагдав. Энэ хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн хоёр төслийг батлах санал хураалтыг тус бүр явуулж, гишүүдийн олонх дэмжснээр хуулиудыг баталлаа.

  Дараа нь Улсын Их Хурлын 51 гишүүн батлахыг дэмжснээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг 50 гишүүн дэмжсэн бол Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь 91.1 хувийн санал дэмжиж, хуулиуд батлагдсан юм.

6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

    Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

    Улсын Их Хурлын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг тогтоож өгснөөр бүлгүүд тэнцвэртэй ажиллах, гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зохицуулалт бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Улсын Их Хурал дахь аливаа намын бүлэг хоёр хүн тутамд нэг ажлын албатай байх, 23-аас доош байх тохиолдолд 12 орон тоотой ажлын албатай байх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.

    Б.Пүрэвдорж гишүүний санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухай бүлгийн гишүүдийн хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош байх бол тухай бүлгийн ажлын албаны тоо 12 хүртэл байна гэж өөрчлөхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтгэйгээр дэмжсэн. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

7. “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу нийт 263 хууль тогтоомжийн төслийн санал иржээ.

    Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүд; “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд заасан хууль, тогтоолын төслүүд; Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг багтаах зарчмыг баримтлан нийт 50 төслийг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан байна.

    Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр мөн цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг хуульд заасны дагуу Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналаар шийдвэрлэхээр тогтоолын төслийн 2, 3 дахь заалтад тусгасан юм.

    Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоол батлахдаа тогтоолд оруулах хууль тогтоомжид бодитой хандахгүй бол энэ нь Улсын Их Хурлын ажлын биелэлтэд сөргөөр нөлөөлөх тул цаашид уг асуудалд анхаарах шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд тусгаагүй асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар Монгол Улсын Засгийн газраас санал өгч байгаа нь төрийн бодлого тогтвортой, уялдаатай, төлөвлөлттэй байх зарчимд нийцэхгүй байгааг онцлоод өөрсдийн баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд нийцүүлэн баталсан хууль тогтоомжоо дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ажлыг өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй талаар саналаа илэрхийлж, холбогдох зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул уг асуудлаар цөөнх болохоо илэрхийлсэн гэв.

    Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж тусгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

    “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

 Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 45 гишүүн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

    Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр боллоо.

  • 1/“Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 2/“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  • 3/Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • 5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
  • 6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • 7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • 9/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  • 10/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
  • 11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  •  12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 15/Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
  • 16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
  • 24/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
  • 25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
  • 26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  • 28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  • 29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 32/3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • ЗЗ/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
  • 35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
  • 37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • 40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 41/Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
  • 42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • 43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

    Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдээс өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар болов. Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН