Түүнтэй уулзаж ярилцана гэхээс бэргэж байв. Саяхан л хамт ажиллаж, инээж наадаж явсан гэгээн цагаан, цовоо цолгиун дүү минь хорт хавдар гэх “хорлонтой” өвчнөөр өвдөөд жил зургаан сар болж байгаа юм. Цусны цагаан эсийн цочмог хорт хавдар.
Анх энэ өвчинтэй нүүр тулснаа дуулгаж яриад, “Азаар дүү нь монголдоо эмчлүүлэх боломжтой юм байна” хэмээн хүнгэнэтэл инээж билээ. Гэвч хавдрын эс хими эмчилгээндээ дарагдахгүй болж, эмч нар нь “Яаж ийгээд гадагшаа явсан нь дээр болчихлоо” гэж зөвлөжээ. Энэ мэдээг тэр ч, бид ч долоо хоногийн өмнө сонссон юм.
“Баларсаан, дүү нь Монголд эмчилгээгүй болчихлоо. Автобусанд явж байна, буугаад тухтай ярья”.
Энэ дуудлагаас хойш гурав хоногийн дараа бид нүүр тулж уулзаж, ярилцлаа.
-Эргээд дурсахад хөндүүр ч онош сонссон өдрөөс яриагаа эхлэх үү?
-2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд эмч яриад “Чи яаралтай хүрээд ир” гэхээр нь очлоо. “Шинжилгээний хариу муу гарсан, ээж чинь эмч хүн гэсэн. Ярих шаардлагатай байна” гэсэн. Өөр юу ч хэлээгүй.
Ингээд ээж Шандаас ирж, I эмнэлэгт шинжилгээ өгөөд, дахиад гурав хоногийн дараа яснаас шинжилгээ авна гэж хэлсэн. Гэхдээ л эмч 98 хувийн магадлалтай шүү гэсэн. Тэр өглөө нар өнгөгүй ч юмшиг, яасан муухай өдөр вэ гээд бодож байтал тийм хариу сонсоод орой нь баталгаажсан.
-Итгэмээргүй байсан уу?
-Сандарч байсан ч, биш байгаасай гэж бодоогүй. Миний туулах ёстой зам байх л гэж гэж хүлээж авсан. Тэгэхэд Валентины өдөр байсан. Найз охин, ах, эгч, ээж гээд олуулаа бужигнаад л. Хүн яг тийм үед мэдрэмжээ ил, сул гаргаж чаддаггүй юм билээ. Яг үнэндээ одоо л надад маш хэцүү байгаа. Хоёр жилд монголдоо эмчлэгдээд болчихно гээд өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээд дуусчихсан болохоор эвгүй байна. /уйлав/
Хавдар батлагдаад монголдоо эмчлэгдэх боломжтой гэсэн хариу өгөнгүүт надад гадаад явах мөнгө байхгүй, монголдоо эмчлүүлэх боломжтой нь азтай юмаа гээд олзуурхаад гүйж явлаа. Жил гаруйн хугацаанд таван хими эмчилгээ хийлгэсэн. Сая зургаа дахь химидээ орохоор хэвтээд тогтворжуулах эмчилгээ хийх үеэр эмч нар зөвлөлдөөд одоо бид нарт ганцхан схем эмчилгээ байна. Хийе гэхэд маш хүнд. Тэгэхээр яаж ийгээд гадагшаа яв гэж зөвлөсөн. Долоо хоногт чадах чинээгээрээ хүмүүстэй уулзлаа.
-Эмч нар нь Монголдоо эмчлэх боломжтой гэснээр жил гаруй хугацаа өнгөрсөн. Яваандаа боломжгүй болж магадгүй гэх эрсдлийг хэлж байгаагүй юу?
-Өнөөдөр миний энд ингээд та нартай бүүдгэр ч гэсэн ирээдүйгээ яриад сууж байгаа нь УНТЭ-ийн Цусны тасгийн эмч нарын ач тус. Эмч нар надад анхнаасаа үүдэл эс суулгаснаар илүү үр дүнтэй эмчилгээ болно гэдгийг хэлсэн. Хоёр хими эмчилгээний дараа төрсөн ах, дүү хоёроо шинжилгээнд оруулахад 20, 50 хувьтай гараад боломжгүй болсон.
Манай монголын эмч нар үнэхээр чадвартай. Хэрвээ ах, дүү хоёрын нэг нь өндөр хувьтай таарсан бол эмч нарын хэлснээр үр дүнтэй үргэлжлэх байсан. Энэ тасагт цусны хорт хавдартай нас, насны хүмүүс бий. Хими эмчилгээндээ тогтворжсон хүмүүс олон байгаа. Цусны хавдарт үүдэл өвчин гэж байдаггүй гэж сонссон.
-Ээжтэй нь ярихад хугацаа алдчихсан гэж харамсаж байсан…?
-Хавдартай тэмцээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд бие муудах, байдал бүр дордох гээд зөндөө асуудалтай. Тэр болгонд хүн өөртөө биш ард үлдэж байгаа хүмүүстээ хамгийн их санаа зовдог юм билээ. Ээж яах бол, ах яах бол, найз охин яах бол гээд боддог. Би эрүүл болно гэсэн итгэлээр тэсрэхгүй маш удаан явсан.
Сая Сайншандад очоод 10 жилийн багштайгаа уулзаад, харцнаас нь миний төлөө ямар их зовж шаналж байгааг мэдэрлээ. Тийм ч учраас ээжтэй уулзахаас яг энэ мэдрэмжүүдээ мэдрүүлэхгүй гээд зугатаадаг. /Уйлав/ Ээж намайг өвдсөнөөс хойш мартамхай, сандруу болсон. Ийм дээрээ миний сэтгэлзүйн байдлыг мэдэрвэл … Үнэхээр ярьж чадахгүй нь уучлаарай.
-Том болох тусам бүх юмс хэцүү болчихсон-
Минжүүр тайвширч эмээ уув. Сэтгэлзүйгээ өөрөө маш сайн удирдахгүй бол зүрх нь савлаад намддаггүй гэв. Тэр ээжийн хайртай хүү. Энэ өвчний хажуугаар ээжийгээ өрөвдөж, хайрлаж, сэтгэлийг нь өвтгөхгүй гэсэндээ нээлттэй ярилцалгүй жил гаруй болжээ. Дээрх асуулт дахь ээжийн харууслыг энд тайлбарлая.
Тэрбээр 2022 оны аравдугаар сард цэрэг татлагад орж, шинжилгээ өгөхөд эмч нь “Цусны архаг дутагдал байна. Дахин шинжилгээ өг” гэжээ. Биед нь ямар нэг зовиур байгаагүй учраас тэгсгээд орхичхож. Харин ээж нь байн байн шинжилгээ өгөөч гэж утсаар яриад байхаар нь нэгэн хувийн лабораторид өгсөн ч хариу нь хэвийн үзүүлэлттэй гарч, ээж нь тайвширсан гэдэг. Харин үүнээс хойш гурван сарын дараа хавдар оношлогдсон байдаг.
Тэр өдрийг хүртэл Б.Минжүүрдорж Оскарын шагнал хүртсэн Монголын анхны найруулагч болно гэх том мөрөөдөлтэй, юм бүхэнд өөрийгөө сорьсон адтай, авхаалжтай залуу дүүлж явсан юм. Түүний дүрэлзсэн их мөрөөдөл одоо БНХАУ-д очиж үүдэл эс шилжүүлэн суулгаж, хорт хавдраасаа ангижрах асуудлаар солигдчихсон.
-Хандив цуглуулах санаанууд хэрхэн төрж, төсөөлж байна вэ?
-Би КУДС-ийг төгсөөд TV-5 телевизэд найруулагчаар жил гаруй, дараа нь www.eguur.mn сайтдаа ажиллаж байсан. Хамгийн түрүүн энэ хоёр хамт олон руугаа л ирсэн. ТV-5 шууд эфирээр хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэсэн. Эгүүрийн хамт олон маань намайг өвдсөн бүх хугацаанд нэг ч удаа орхиогүй. Одоо бас ингээд туслаад л гүйцгээж байна. Дорноговь аймаг руу сая явсан шалтгаан нь нутгийнхаа хүмүүстэй сургуулийн захирал, багш нартайгаа уулзаад ирсэн.
Монголчууд энгийн үед нэгнээ нэг их анзаарахгүй байгаа юмшиг хирнээ өвдөж, зовохоор бүх сэтгэлээ дэлгэдэг хүмүүс гэдгийг мэдэрч байна. Уулзсан, гуйсан хүн болгон сэтгэлээрээ тусалж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Гадаад харилцааг нь ах нь явья, эгчдээ хариугаа явуулчих Солонгос руу явуулаад үзье гээд л. Өмнө нь би телевизэд ажиллаж байхдаа хандивын тоглолт дээр найруулагчаар суудаг байсан. Одоо аймаар сонин байр нь солигдоод би өөрөө хандив хэрэгтэй хүн болчихсон.
-Тэр үед хандивын тоглолтын найруулагчаар сууж байхад юу мэдэрдэг байсан бэ?
-Нэг жаахан охины хандивын тоглолтын найруулагчаар сууж байхдаа “Энэ хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй байхад яагаад цаанаас нь ийм зүйл дайрч байгаа юм бол” гэдэг бодол эргэлдэж байсан. Дараа нь өөр дээр ирэхэд ч бас яагаад гэж асуусан, гэхдээ хэн ч хариулах боломжгүй юм билээ. Анхныхаа хими эмчилгээнд орох үед үсээ хусуулсан нь дээр гэхээр нь шууд хусуулсан. Яг тэр үед яагаад, яагаад, яагаад заавал би гэсэн бодол огт салаагүй. Харин дуусаад халзан толгойгоо хараад үнэнтэйгээ шууд эвлэрч, эмчийнхээ үгэнд л сайн ороод явья гэж шийдсэн дээ.
-Залуу хүмүүс бусдад хандахдаа санаа зовомтгой байдаг юмшиг санагддаг. Гэвч үнэнтэй эвлэрч, өөрийнхөө төлөө тэмцэлдэхээс өөр аргагүй л болчихлоо?
-Өвчинтэйгөө эвлэрээд ирэх үед огт өөр. Ёстой нөгөө надад юу ч наалдахаа байсан гэдэг шиг л болно. Арван жилд байхад хандивын аян гэхээр ээж дандаа оролцуулдаг байсан. Хандивын хайрцагт бас 500, 1000 төгрөг хийнэ. Тоглолтыг нь үзүүлнэ. Дараа нь том болоод хандивын тоглолтын найруулагчаар нь суугаад, таньдаг ах хандивын постер хийлгэнэ. Яагаад ингэдэг юмбол л гэж бодоод өнгөрдөг байсан.
Яг өөрт тулаад ирэнгүүт хандив гуйхаас өөр арга байдаггүй юм байна. Аав эмээг хараад хөдөө байдаг. Саяхнаас аймагт ирж, харуулын ажилд орсон. Ээж өрхийн эмч, сая гаруйхан цалинтай. Надад биеэ арай дээрдэхэд хэсэг ажил хийж цуглуулсан 700 мянган төгрөг бий. Гэтэл эмчилгээний зардал аав, ээж, бид гурав нийлээд 10, 20 жил ажиллаад ч олж чадахгүй мөнгө болчхоор хандив гэсэн сонголт л үлдсэн. Би эрүүл байхдаа ажлынхаа хажуугаар халтуур хийгээд, өнөөдөр нэг шинэ юм сурчихья гээд л үнэхээр идэвхтэй нөхөр байж, одоо бодоход. Бүр Оскарын шагнал хүртсэн найруулагч болно гэж мөрөөддөг байсан.
-Байсан…?
-Тийм ээ байсан. Том болох тусам юм бүхэн л хэцүү болоод байна. Гэхдээ тэр мөрөөдөл минь ходоодны мухарт байж байгаа. Хэзээ ч арилахгүй байх. Одоо жаахан бодитой л байхгүй бол амьдрал байнгын дараастай. Ер нь хүний мөрөөдөл зорилго өвдөхөөс өмнөх, өвдсөний дараах гэж хоёр төрөл байдаг байх. Миний мөрөөдөл одоо бол эдгэх, эрүүл хүмүүстэй адилхан харагдаж амьдрахыг хүсдэг. Бусдын л адил ипотекийн байр, лизингийн машин авч тэрийгээ төлөөд маш удаан амьдрахыг мөрөөддөг болсон. Найз охинтойгоо.
-Та хоёр удаан үерхэж байгаа юу?
-Таван жил үерхэж байгаа. Гэхдээ аав, ээжээс нь албан ёсоор гуйж, ёсолж аваагүй. Намайг сургуулиа төгсөх үер ковид гарчихсан. Тэгээд найз охин эм зүйчээр сураад хоёулаа байр түрээслээд 2-3 жил болсон. Найз охиныг сургуулиа төгсөхөөр хоёулаа ингэж тэгж амьдарна гэж мөрөөдөж байтал би өвдчихсөн.
Харин одоо орчин нөхцлөө ажаад бүх зүйл болохгүй байгааг мэдэрч байгаа. Болохгүй л байгаад байна. Нэг нь ажилгүй, байнгын эмнэлэгт хэвтэнэ. Өглөө 8 цагаас ажилтай хүн өмнө нь надад хоол хүргэж ирнэ. Тэр хүнд маш хэцүү байгаа учраас би нэг шийдвэр гаргасан. Юу вэ гэхээр өдөр тутмын амьдралд нь асуудал болохгүй, өвчнөө зөвхөн өөрийнхөө асуудал байлгахаар хичээж яваа.
-Ээждээ, найз охиндоо хандаад юуг хэлмээр байна?
-Хүний мэдрэмжүүд гэдэг яг асуудлаас нь хэцүү зүйл байдгийг монголд эмчилгээгүй гэсэн үгийг сонсоод мэдсэн. Үнэн мөнийг мэдрээд байгаа хэрнээ хайртай хүмүүсээ миний мэдэрч байгаа зүйлийг мэдрэхвий гэхээс айж дөлөөд хөндүүр сэдвээс дандаа хазайж яваа.
Ээжийг ярилцах гэхээр нь надад ажил байна гээд алгасаад явчихдаг. Ээж, найз охин, аав, ах, эгч, дүүдээ хэлэхэд надад гадагшаа эмчилгээнд явж тэр бүхнийг даван туулж чаднаа гэж хэлмээр байна. Би юунаас ч айхгүй байгаа. Нэгдүгээр эмнэлгийн хамт олны чадвараар би өдий хүртэл явж байна.
Тэр үедээ эмчилгээгүй гадаад яв гэсэн бол амьдарч хаашаа яаж эргэх байсныг хэлж мэдэхгүй. Тэд чадах чинээгээр эмчилдэг учраас би ингээд сууж байгаа. Одоо шинжилгээгээ хараад мэддэг болчихсон. Захын судаст хавдар гараад ирлээ, химидээ дахиад орох нь дээ гээд л. Би энэ эмч нартаа гэр бүлийнхнийхээ өмнөөс цусны хавдартай бусад хүмүүсийнхээ өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна.
-Өмнө үсээ хусуулчихсан хүн зөв хоолло, зөв амьдар гээд зөвлөхөөр сайн хүлээж авна гэж ярьж байсан. Хүмүүст хандаад юуг хэлмээр байна?
-Монголчууд амьддаа бие биенээ хайрлаарай гэдэг. Хайрлах нь зөв ч энэ дундаас өөрийгөө хайрлах нь хамгийн чухал юмаа. Утаанаас, нийгмийн стрессээс, хүнсний аюултай байдлаас өөрийгөө хамгаалж хайрлаарай. Юунаас болсон нь мэдэгдэхгүй өвчин тусчхаар хэцүү шүү.
Оюутан болж хотод ирээд ээжээс холдоод гуанзны хоол, бэлэн гоймон идэж удаан явсан. Эргээд бодоход ингээгүй бол тэгээгүй бол яах байсан гэх харамсал тээдэг. Тэгэхээр яг энэ мөчөөс эхлээд зөв амьдраарай, өөрийгөө хайрлаарай.
Бас нэг юмыг нэмж хэлэхэд, монголчууд хэдий болтол ингэж хандив гуйж хавдараа эмчлүүлэх юм бол. Гадаадад очиж хийлгэх гээд байгаа эдгээр эмчилгээнүүд Монголд байдаг бол хэчнээн хүн энэ замыг туулахгүй амьдрах бол. Энэ бүхнийг мэддэг хүмүүс яагаад ажиллахгүй байгаа юм бол гэх мэтээр маш их бодож байгаа.
Манай улс хөгжөөд удахгүй хавдрын супер том эмнэлгүүд бариасай. Хандив гуйж хавдартай тэмцдэг амьдрал надаар дуусаасай.
-Ээж Г.Сайнбаяр: Сэргэлэн, ухаантай хүүд минь нас хайрлаарай-
Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Модод шарлаж навч ганц нэгээр хөл дор хийсэн унаж, намрын уйтай өдрүүд эхэлж байна. Б.Минжүүрдоржийн ээж өнөө өглөө /2024.09.26/ Сайншандаас ирж, хамаатныхаасаа хүүдээ хоол аваад ирж. БНХАУ руу явж эмчлүүлэхэд өөрсдөө донортой бол зардал арай наагуур тусах учраас ээж нь төрсөн эгч, дүү нарынхаа гурван хүүхдийг шинжилгээнд оруулахаар ярьж тохироод иржээ. Өмнө нь 17 настай эмэгтэй дүү, 29 настай ах нь өгөөд болоогүй билээ. Бид эмнэлгийн гадаа хэсэг зуур ярилцав.
-Хүүгийнхээ талаарх та юуг хамгийн түрүүн яримаар байна вэ?
-Би гурван хүүхэдтэй, миний хүү чинь дундах нь. Ахтай, эмэгтэй дүүтэй. Анх 2022 оны аравдугаар сарын цэрэг татлагаар цусны шинжилгээ өгөхөд өөрчлөлттэй гарч эмч нар нь давтан шинжилгээ өгөөрэй хүнд хэлбэрийн цус багадалт байна гэсэн ч хүүхэд болохоор даруйхан хийлгээгүй.
Нэлээд удаан явж байгаад хувийн лаборторид өгсөн чинь зүгээр гарлаа гэхээр нь тайвширчихсан. Тэр хариуд итгээд бараг л мартчихсан. /уйлав/ Гэтэл 2023 оны нэгдүгээр сард томуугаар хүнд өвдөөд бас хүмүүс ямар их турчихсан юм, цонхийчиж гээд эхэлсэн. Өөрөө ч бас ээжээ би ядарч сульдаад унтаад байна гэхээр нь дахиад нэг шинжилгээ өгөөч гэсэн. Ингээд 2 сард хавдар гэж оношлогдсон. Тэр цагаас хойш хими эмчилгээнд 5 удаа орлоо. Сая 9 сард зургаа дахь химидээ орох болов уу гээд хэвттэл манай монголд өөр сонголтгүй үлдсэнгүй, гадаад явсан нь дээр болов уу гэж хэлсэн.
-Та өөрөө эмч хүн болохоор хүүгийнхээ өвчинд хандах хандлага нь бусдаас өөр байсан уу?
-Үгүй дээ. Яахаараа миний хүүхэд тусдаг юм гээд эхэндээ бараг эргэлзсэн, зөрчилдсөн, шалтгаан хайсан гэх мэтээр хүлээж авахгүй удсан. Би юуг буруу хийсэн болоод миний хүү ингэв гээд л.
Хоёр химийн дараа үүдэл эс суулгаж байж төгс эмчилгээ болно гээд донор болохоор ах дүү хоёр нь шинжилгээ өгсөн ч таараагүй. Одоо тэгээд урагшаа явж эмчлүүлэхэд ядаж өөрсдөө донортой очвол зардал нь багасах юм болов уу гээд төрсөн эгч дүүгийнхээ хүүдүүдээс 3 хүнийг шинжилгээнд оруулах гээд ирлээ. Хамаатан саднууд монголд эмчилгээгүй гэхээр ойлгож, өөрсдөө өгий гэсэн.
-Ээжээс дөлөөд гэж ярьсан…?
-Угаасаа бид хоёр яг адилхан байгаа. Би өөрийгөө удаан барьж яваа. Анх сонсоод л бүрэн төгс эмчлэгдэх болов уу гээд л айсан. Манай нутгийн нэг хүн тусаад сайжирч байгааг мэдсэн болохоор тайвшрах ч химидээ дарагдахгүй болохоор бас хэцүү. Би хүүгээ уруу татахвий, уймруулах вий гэж хичээсээр яваа /уйлав/. Бид хоёр биенээ их боддог, хоёр биедээ дэндүү хайртай тийм учраас нэгнээ бодоод юу ч ярихгүй байсан. Өнөөдрийг хүртэл би хүүхдэдээ уйлж харагдахгүйг их хичээсэн.
-Үнэхээр тулаад ирсэн үнэн. Таныг маш сайн ойлгож байна. Хандив тусламжийн сайхан өрнөөд эмчилгээндээ хурдан яваасай гэж хүсч байна?
-Би төсвийн байгууллагын эмч нарын авч болох хамгийн доод цалинг авдаг. Анхан шат гэдэг утгаараа хийхгүй ажил байхгүй ч цалин бол бага нэг сая 350 мянган төгрөг. Зээл аваад хүүхдээ хэзээ ч эмчлүүлж хүрэхгүй. Тэтгэврийн нас дөхчихсөн болохоор танд зээл гарахгүй ээ гэх юм. Миний амьдралын үнэн энэ юм. Тэгээд яахав цагаа тулаад ирэхээр хүн ард түмэндээ ханддаг юм байна.
Цэл залуухан, сэргэлэн хөөрхөн хүүгээ авраач гэж Монголын ард түмэн болон Дорноговь аймагт ажиллаж буй мэргэжил нэгт нөхөд, багшилж байсан АШУҮИС-ийн Дорноговийн салбарын хамт олон, төгсгөсөн шавь нартаа хандахаас өөр аргагүй үлдсэнгүй. Хүүд минь амьдрал бэлэглээрэй. Миний хүү чинь одоо л 25-ны агт араа нь ургаж байгаа нялхаарай юм шүү дээ.
-Залуухан, 25-ных нь агт араа нь ургаж буй-
Тийм ээ, бидний нууж, нуугдаж чадахгүй амьдралын үнэн энэ юм. Аав нь харуул хийхээр аймагт ирж, ээж нь цалингийн зээл авах гэтэл шаардлага хангахгүй, Минжүүр маань ажил хийх хүсэл байвч амархан ядардаг болсон тул санаанаас цаашгүй байдалтай.
Тэр одоо УНТЭ-ийн цусны тасагт хэвтэж байгаа. Эмч нар нь цусны хавдарт нь эмчилгээний сонголт үлдээгүй гэдгээ хэлсэн ч, тасагтаа авсан. Учир нь дархлаа муудсан болохоор 25-ны агт араа нь ургахад халуурч, үрэвссэн юм.
Миний хоолойны өнгө захирангуй шинжтэй, төрөлхийн. Хүмүүст онцгүй сэтгэгдэл төрүүлэх вий. Найз охиндоо ажил удаж байгаадаа их гэмшдэг. Шанд руу гэртээ очоод мууртайгаа тоглоод ганцаараа байхдаа өвчнөө түр зуур мартдаг. Ээжийгээ миний сэтгэл доторх таагүй мэдрэмжүүдийг мэдрэхвий гэхээс айдаг. Тэр энэ бүхнийг онцлон өгүүлж байв. Аргагүй дээ, хүссэн бүхнээ хийж омголон, өөрийнхөөрөө амьдралыг туучиж явсан залуу хүн өнөөдөр бүх зүйлс нь бусдаас хамааралтай болчхоор юу эсийг бодохов.
Хүнд өвчинд ээрүүлж яахаа мэдэхгүй яваа ч ходоодныхоо мухарт алдартай найруулагч болох мөрөөдлөө дарчихсан яваа Б.Минжүүрдоржид туслаарай, хүмүүс ээ.
- Утас: 88994064
- Хаан банк данс: 5310316915
- Хүлээн авагч: Баяраагийн Минжүүрдорж