УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн. Тэгвэл тус хороог УИХ-ын гишүүдээс хэн ахлах нь анхаарал татаж байна. Учир нь “ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, түр хороог хугацаанд байгууж ажиллахыг тодорхой үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Түр хороодод ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон. Мөн нийтийн тээврийн асуудлаас гадна нийслэлийн газар олголтын асуудлыг хамтатган үзэх ёстой гэсэн нь уг түр хорооны хянан шалгах хамрах хүрээг маш өргөн тогтоож өгөхөөр байна. Ямартай ч УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд үүрэг чиглэл өгснөөр ээлжит түр хороо, сонсголын сэдэв тодорхой боллоо.