Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий:
Манай байгууллага хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг. Юун түрүүнд хүүхэд хамгааллын асуудал ярихаас илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжид 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулсан. Уг зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, байгууллагын дотоод журамд нь өөрчлөлт оруулах, цагийн уян хатан зохицуулалт хийх, боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж буй. Цаашид бид Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга, идэвх оролцоог дэмжиж, НҮБ, ОУБ-уудын дэмжлэг, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Т.Ихтамир:
“Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 1996 онд УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай анхны хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Энэ мэт сүүлийн жилүүдэд эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг үе шаттай, тууштай хийсээр байна. Мөн энэ онд УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус хуулийг сурталчлах ажлыг орон даяар хийж буй. Түүнчлэн УИХ, Засгийн газраас хүүхдийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлогод тулгуурлан, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай.
Монголын хүүхдийн байгууллагын ахмад үеийн төлөөлөл Д.Наранцэцэг:
Би 1964 онд Монголын пионерын байгууллагад элсэн орж, 13 жил хүчин зүтгэсэн. Хүүхэд, залуучуудыг Монгол Улсын иргэн болгон төлөвшүүлж, хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцон ажилласан минь их цоглог, хийморьлог, сайхан дурсамж болон үлджээ. Бидний үед хүүхдийн байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдийгээ өөрсдөө хүмүүжүүлдэг байсан. Энэ нь тэднийг хичээл номдоо шамдах, авьяас чадвараа тодруулах, эх оронч, хүмүүнлэг үзэл суулгах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, харилцааны зэрэг олон чадварыг суулгадаг байснаараа давуу талтай. Одоо хүүхдийн байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буй. Иймд ирэх жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд пионерын байгууллага шиг хүүхэд хүүхдийгээ хүмүүжүүлдэг, хүүхдийн оролцоог бий болгосон хүүхдийн байгууллага байгуулагдаасай гэж хүсдэг.
Ташрамд, Монголын хүүхдийн байгууллага нь:
- 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
- 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
- 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
- 2016-2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- 2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэйгээр өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС