Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү өнөөдөр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэсэн 80 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. Үлдсэн тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг хуваарийн дагуу ирэх наймдугаар сард нийлүүлж дуусахаар төлөвлөж байна. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.











