Нүүр хуудасМэдээНИТХ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ

НИТХ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян өнөөдөр /2026.09.27/ албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэхдээ, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хашаандаа, албан байгууллага бүр эзэмшил газартаа мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс эх байгалиа хамгаалах, сэргээх үйлсэд монголчуудын оруулах хувь нэмрийг зарлаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш зургаа дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд  мод тарих, ургуулах, арчлах чиглэлээр суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 140 сая гаруй мод тарьсан бол нийслэлд 4.8 сая мод тарьж, ургуулжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 7 хүрэхгүй хувь нь ой. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намартаа мод тарих өдөртэй болсон билээ. Цаашид зөвхөн мод тарих бус, тарьсан модоо ургуулж, арчлан хамгаалах, үр дүнг нь хангах үйл явцыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай” -г тэмдэглэлээ.


Энэ удаагийн мод тарих арга хэмжээг Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарих ажилд идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН