Нүүр хуудасМэдээНИТХ: “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

НИТХ: “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах зорилгоор “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг Жанжин Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. Нээлтийн өдөрлөгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Сүүлийн жилүүдэд цахим төрлийн гэмт хэрэгт хүүхдүүд өртөх нь нэмэгдэж байна. Иймд энэ удаагийн өдөрлөгийг мэдээлэл технологийн чиглэл, харилцаа холбооны салбартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чиглэсэн бодлогын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бүх салбарт хамтарч ажилладаг. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэхүү өдөрлөгийг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөгийн хүрээнд нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3×3, хийн буу, дартс, АХА тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулж байна. Өдөрлөгт ирсэн хүүхэд багачуудад цагдаа болон дотоодын цэргийн үйл ажиллагааг танилцуулж, хамт ирсэн ээж аав, ах эгч, асран хамгаалагч нарт нь жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН