Нүүр хуудасМэдээНэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж байна

Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар өнөөдөр мэдээлэл өгөв.

Улсын хэмжээнд 10 гаруй сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Нэг жилийн  хугацаанд 39 зүйлийн мод, сөөгний 12 тонн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин, 306 мод үржүүлгийн газар 46 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

зураг

Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж, бэлтгэлээ хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд 1,000 тонн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан.

Мөн жилд 500 м3 үржил шимт хөрс бэлтгэх төв, жилд 10 сая тарьц бойжуулах хүчин чадалтай, бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулж байна.

Холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран 1,000 гаруй сургагч багш бэлтгэж, 24 орчим мянган хүнийг танхим, дадлагын сургалтад хамруулжээ.

МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж, 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. Цаашид ойн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудыг сонгон Унгар улсад суралцуулна.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө.  Ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгоно. Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулах юм хэмээн албаныхан мэдээллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулна. Нийслэл хот гэхэд 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3,500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулах аж.

Тарьсан модны тооллого, бүртгэл, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц, суулгацын нөөц, үнэ ханш, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд, аж ахуйн нэгж, санхүүжүүлэгч байгууллагуудын бүртгэл зэрэг мэдээллийг https://terbummod.mnmodlog.mn цахим хуудаснаас авах боломжтой гэв.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН