ОХУ-ын Эрүүл мэндийн яам коронавирсийн халдварын хүндрэл болох цитокины шуургыг эмчлэхэд зориулсан “Левилимаб” буюу “Илсира” хэмээх худалдааны нэртэй эмийг бүртгэжээ. Энэ бэлдмэл нь бие организмд вирус нэвчиж эд эрхтэнийг тухайлбал, уушгины эдийг гэмтээж, хүнд хэлбэрээр халдварлуулж, үхэлд ч хүргэж болох үрэвслийн хурц хэлбэр буюу цитокины шуурга хэмээх өвчлөлийн хүнд явц бүхий өвчтөнд зориулсан хэмээн эмийг бэлтгэсэн Biocad компанийн мэдээлэлд дурджээ.
“Российская газета” өмнө нь мэдээлж байсанчлан “Левилимаб” бол Оросын эрдэмтдийн хосгүй бүтээл ажээ. Энэ эм нь АНУ, Их Британи, Итали болон бусад улс оронд “COVID-19”-өөр өвчилж хүндэрсэн өвчтөнүүдийг эмчилж байгаа “Тоцилизумаб” эмтэй адил үйлчилгээтэй юм байна. Эдгээр эм хоёулаа дархлааны системийг үрэвсэхээс сэргийлдэг. “Тоцилизумаб” болон “Левилимаб” эмийг үе мөч төдийгүй бусад эрхтэн өвчилж, дархлаа сулруулдаг ревматоидын артрит өвчнийг анагаах зориулалтаар бэлтгэжээ.
Бидний бэлтгэсэн эм ревматодын артритыг анагаахад үр ашигтай болохоо харуулсан. Халдвар тархсан үед бусад эмийн хамт /”Тоцилизумаб” зэрэг/ “COVID-19”-ийг эмчлэхэд ашиглахаар шийдвэрлэсэн болно. “COVID-19”-ийн хүнд хэлбэр, цитокины шуурга үүсэх нь өвчтөнд онцгой нэгэн уураг болох интерлейкин-6 нэмэгдэхтэй холбоотой болохыг эмч нар олж анзаарсан бөгөөд “Левилимаб” эм тэр уураг үүсэх явцыг саармагжуулдаг байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин