-5 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 05:02:21
Нүүр хуудас Ярилцлага Оёдолчид маань нэгдэж нэгдсэн системд орвол бид юуг ч хийж чадна

Оёдолчид маань нэгдэж нэгдсэн системд орвол бид юуг ч хийж чадна

Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа оёдлын салбарынхан уулзаж өнөөгийн бодит байдал, ажил байдлынхаа тухай ярилцлаа. Энэ уулзалтыг МОНГОЛД БИД ҮЙЛДВЭРЛЭВ ТББ тэргүүн, Монголын анхны оёмол хувцасны EXCLUSIVE /эксклюзив/ брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг зохион байгуулсан юм.

Оёдлын салбарынхан хөнгөн үйлдвэрлэлдээ багтах ч өнөөдөр жинхэнэ утгаараа хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байгаа нь үнэн юм. Ардчилсан нийгэмд шилжиж бүх зүйл хувьд гарсанаас хойш нэг мөсөн орхигдсон энэ салбарыг энд тэнд ганц нэгээрээ оёдлын ажил хийж яваа эмэгтэйчүүд чадах чинээгээрээ авч яваа гэхэд хилсдэхгүй биз. Гэвч тэдэнд хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа, улсын бодлого дутагдсанаар өнөөдрийг хүртэл асуудал хаалганы ард үлдсээр байгаа юм. Энэ ч утгаараа оёдолчидоо нэгтгэж, дотоодынхоо хэрэгцээг хангах томоохон үйлдвэрүүдийг бий болгох шаардлага байна. Үүний тулд оёдолчид маань нэгдэх хэрэгтэй, системтэй үйлдвэрлэл, үндэсний брендийг гаргах хэрэгтэй. Харин үүнд нь Сүхбаатар дүүргийн оёдолчиддоо тусалж, асуудлын гол нь юу болох, үүнээс хэрхэн гарах талаар ярилцлаа. Энэ үеэр хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсоход тэд ч мөн хүлээлттэй байгаа нь ажиглагдсан юм. Учир нь ганц нэгээрээ гэр зуураа оёдлын цех, үйлдвэрлэл явууллаа гээд ахиж дэвшсэн зүйлгүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр зээл тусламжийн нөхцөл шаардлага өндөр байгаа нь тэднийг өнөөдрийг хүртэл өндийлгөхгүй байгааг хэлсэн юм. Гэвч тэдэнд нэгдэж ажиллах, Монгол ухаанаар Монгол хүний гараар бүтсэн жинхэнэ Монгол хүний биед зохицсон хувцас үйлдвэрлэх чин хүсэл байна.

Т.Ягаанцэцэг    Хувиараа үйлдвэрлэл эрхлэгч

 -Оёдлын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа ч одоог хүртэл нэг ч зээл авч үзээгүй-

Би 2010 оноос эхлэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хувцас засвараа ч, дээл даашинзаа ч хийнэ. Анх оёдлын ажлаа эхлүүлж байхад санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ч өөрсдийнхөө боломжоор л ажиллуулж эхэлсэн. Нөхөртэйгөө хамт ажилладаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг их бодож зорьдог. Өнгөрсөн хавар, намар зээл авах гэж их хөөцөлдсөн ч бүтээгүй, тусламж дэмжлэг байдаг гэдэг ч авч байгаагүй. Зээл тусламж авъя гэхээр шаардлага нь өндөр зээлийн хүү ихтэй байдгаас үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй л байна. Уг нь нөхцөл шаардлагаа уян хатан болгоод зээл тусламж үзүүлбэл бид нар улам л хичээж, нэгэнт л авсан юм чинь зээлээ эргүүлэн төлж л таарна шүү дээ. Хоёр гурван төрлийн зээл аваад дан оёдлоороо ажиллаж амьдардаг хүмүүс байгаа ч зээлээ төлөхөөс хэтэрдэггүй. Цаашид нөхөртэйгөө хамт зээл авч оёдлын цехтэй болох зорилготой байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд олгодог таван сая төгрөгийн эргэн төлөлттэй зээлд хамрагдъя гээд төсөл материалаа өгсөн ч авч чадахгүй л байна. Энэ мэт улсын зээл тусламжаар л үйл ажиллагаагаа явуулахгүй бол банкны зээл төлж барахгүй нөхцөл шаардлага нь ч өндөр байх юм. Үүнд л анхаараад дэмжээд өгвөл олон гэр бүл оёдлын үйлдвэрлэлээ явуулаад ажилтай орлоготой амьдрах боломжтой байгаа юм.

Х.Цэцгээ Хувиараа үйлдвэрлэл эрхлэгч: Оёдолчид маань нэгдэж нэгдсэн системд орвол бид юуг ч хийж чадна

Гадны бренд үү үндэсний үйлдвэрлэгчид үү гэдэг сонголт л байна даа?

Би 2000 оноос эхлэн оёдлын чиглэлээр ажиллаж байна. Нэг оёдлын машинтай болж аваад л эхэлж байлаа. Гэтэл 20 жил зүтгээд өнөөдөр нэг л янзаараа байна. Үүнд төрийн бодлого дутмаг, буруу байна гэж боддог. Яагаад гэвэл янз бүрийн судалгаа төсөл авдаг ч дээд тал нь 3 сая төгрөгийн зээл өгдөг. Гурван сая төгрөгөөрөө нэг л оёдлын машинтай болно цаана нь бараа материал түүхий эд ажлын бааз суурь хэрэг болно. Захиалга бага ойр зуурын захиалга ордог болохоор санхүүгийн байдал тогтворгүй.. Зээлийн хугацаа хоёр жил байгаа нь богино байгаа юм. Ядаж таван жилээр бага хүүтэй ч хамаагүй зээл өгвөл оёдолчид маань өндийнө шүү дээ. Үүнээс гадна Майцэцэг захирлын хэлж байгаа санаа маш зөв юм. Оёдолчид маань нэгдээд нэгдсэн системд орох хэрэгтэй байна. Бид нар ганц ганцаараа өндийх гэж их л үзлээ, гурваараа, таваараа нийлж бүлэг ч болж үзлээ. Харин одоо нэгдэж нэг л хүн нэг хийж байгаа зүйлээ маш сайн оёдог, зах бол зах, ханцуй бол ханцуйгаа оёдог байх хэрэгтэй юм. Гэтэл бид нар нэгдэж чадахгүй байна. Нэг сэтгэлээр нэгдэж массаараа хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл оёдолчдоо холилгүй, дан оёдолчдынх болгоод массын бренд гаргаж ажиллах хэрэгтэй байна. Үүний дараа Монголчууд маань өөрсдөө эх оронч сэтгэлээр дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авах хэрэгтэй юм. Бид нар Монгол ухаанаар Монгол хүний гараар жинхэнэ Монгол хүний биед зохицох оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэж чадна шүү дээ. Тиймээс бид нэгдэх цаг болсон. Үүнд хүн бүрийн оролцоо чухал байна.

Гурванзөв.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН