Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Альфред Ханниг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд нийгэмлэгийн баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Монгол Улс газар зүйн онцлогоосоо хамаарч санхүүгийн хүртээмж харилцан адилгүй байдаг. Ялангуяа орон нутагт амьдарч буй иргэдийн санхүүгийн боловсрол, хүртээмж хангалтгүй тул оролцоог нь нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлд хамтран ажиллах тухай мөн ярилцав.
Тэр дундаа “Хүртээмжтэй ногоон санхүүжилт”-ийн буцалтгүй тусламжийн төслийг үргэлжлүүлэх, жендэрт суурилсан санхүүгийн хүртээмжийг сайжруулах буюу бичил санхүүгийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулахад техник арга зүйн болон санхүүгийн туслалцаа авах, финтект суурилсан санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологийн нэвтрэлт болон санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлэх, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.


Уулзалтын төгсгөлд гүйцэтгэх захирал Альфред Ханниг Монгол Улс тэр дундаа Санхүүгийн зохицуулах хороо гишүүн орнуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж буйд талархлаа илэрхийлээд 2023 онд Улаанбаатар хотноо болох Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын хурлаар ажил, амжилтаар дүүрэн уулзахын ерөөл тавив.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо