Нүүр хуудасМэдээСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ардчилсан Үндсэн хууль батлалцсан...

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын саналыг сонслоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж байна.

    Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол лхагва гаригт (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын байр суурийг сонссон. Өнөөдөр (2022.05.27) Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран зохион байгуулсан ээлжит хэлэлцүүлгээр 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудын санал бодлыг сонссон юм.

 Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулаад 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван жагсаал цуглаанд оролцсон иргэдийг төлөөлөн 100 мянган иргэнээс таван заалт бүхий шаардлага, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээс гурван заалт бүхий шаардлага гаргаж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүлсэн талаар хэлэв. Санал, шаардлагыг Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Байнгын хороо 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоороо сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг цуврал хэлэлцүүлгүүд дууссаны дараа дүнг нэгтгэн Улсын Их Хуралд танилцуулах талаар мөн дурьдлаа. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцооны болон, хүн амын тоонд харьцуулан Улсын Их Хурлын гишүүний төлөөллийг нэмэгдүүлэх зохицуулалтыг орхигдуулсан, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсран гүйцэтгэгч болох Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан гэсэн санал, шүүмжлэл сүүлийн үед гарч байна. Тиймээс улс төрийн намуудын болон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаал цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс ирүүлсэн санал, шаардлагатай холбогдуулан эхний ээлжинд цуврал хэлэлцүүлэг хийж буйг тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Улсын Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат эрдэмтэн судлаач, хуульчид болон улс төрийн намын төлөөллийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөөд удаа дараагийн хүсэлт, шаардлага, санал санаачилгын улмаас Ажлын хэсэг гарч, ажиллаж буйг тэмдэглэв.

    Дараа нь хүрэлцэн ирсэн Ардын Их Хурлын депутатууд сонгуулийн тогтолцооны талаар болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийллээ. Нийтдээ 22 депутат үг хэлсэн.

  Төгсгөлд нь хэлэлцүүлгийг хааж  Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон иргэдийн санал, шаардлагын дагуу эрдэмтэн судлаач, хуульчид, улс төрийн намуудын байр суурь, ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын саналыг сонсох цуврал хэлэлцүүлгүүдээс гарсан тодорхой санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг Улсын Их Хуралд танилцуулж, цаашид хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхой чиглэлтэй болно хэмээн хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН