Соёл Урлагийн Их Сургууль нь Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол ХХХ-тэй хамтран Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2024 оны 7 дугаар сарын 11-12, “Уяачдын наадам”-ыг 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт явагдана.
Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн. Энэ удаагийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь“Их түүхийн жим”, “Өв,Соёл, Наадгай” гэсэн хоёр агуулгатай. Агуулгын хүрээнд Ураг төрлийн байгууллын үеэс Эртний улсуудын үе, Эзэнт гүрний үе, Шинэ монгол улсын цаг үе хүртэлх түүхтэй цахим хэрэгсэл ашиглан чулуун зэвсэг, буган хөшөө, хаднаах зураг, наадгай, эртний бургасан урц, угсаатнуудын хувцас, гоёл чимэглэл, дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд, монгол хөлөгт тоглоом, Хүннүгийн үеийн дурсгал, хаадын түүх, ном судар, СУИС-аас хэрэгжүүлсэн инновацын төслийн үр дүнтэй танилцах боломжтой.
“Монгол хүн”, “Гэр бүл”, “Эх нутаг”, “Төрт ёс”, “Эрдэм боловсрол”, “Монгол хэл”, “Өв соёл”, “Ёс суртахуун”, “Нүүдэлчний ухаан” өртөөгөөр айлчлан, ЮНЕСКО-д бүртгэгдсэн биет болон биет бус өвтэй танилцах бөгөөд биет бус өвийн хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ”, “Соёлын наадам” ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхоно.