Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны төлөөлөл Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны санхүүжилтээр 2025 оны 5 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж буй Америк, Монголын регбигийн тамирчдын спортын дипломат солилцооны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Үндэсний коллежийн спортын холбоо (NCAA), Үндэсний коллеж хоорондын Регбигийн холбоо (NIRA), Принстон, Сэйкрэд Харт Их сургууль, Баудуин Коллеж зэрэг томоохон сургуулиудын регбигийн багийн дасгалжуулагч зэрэг нийт 10 төлөөлөгч АНУ-аас хүрэлцэн ирж, Дэлхийн Регбигийн дасгалжуулагчийн “Түвшин-1” сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн регбиг Монгол Улсад таниулах, өвлийн улиралд регбигийн спорт хөгжүүлж буй АНУ-ын зарим мужийн туршлагаас судлах зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.