Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Туркменистан Улсын Соёлын дэд сайд Нурсахет Ширимовыг хүлээн авч уулзаж, соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тус уулзалтын хүрээнд:
- Туркменистаны Үндэсний Музей болон Чингис хаан Үндэсний музей хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
- Монгол Улсад Туркменистаны соёл, уламжлалыг таниулах зорилгоор тус улсын гар урлал, хивс хатгамлын үзэсгэлэн гаргахад хамтран ажиллах,
- Монгол Улсад Туркменистаны соёл урлагийн тоглолтыг зохион байгуулах,
- Хоёр орны сонгодог зохиолыг харилцан орчуулж, хэвлүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Туркменистан Улсын уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдыг албан ёсоор урив.