Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүсийг тогтоож, түлшний хэрэглээг бууруулж газ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтарч гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд дүүргийн 31,43 дугаар хорооны зургаан өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэж өрхийн зуух, түлшний хэрэглээг бууруулсан. Дээрх сайн жишгийг бусад хороодын өрхөд нэвтрүүлэх зорилгоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал нүүрснээс нар луу төслийн хүрээнд дүүргийн 3,6,7,8,23,26,30,36,31,43 дугаар хорооны шалгуур хангасан айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулна.
Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар болсон. Тэгвэл дээрх газар чөлөөлөлтөд хамрагдахгүй хороодын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.
Энэ ажилтай холбогдуулан дүүргийн Засаг дарга болон зарим хороодын Засаг дарга нар төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Ногоон бүсэд багтаж буй хороодод LPG, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Бид энэ бүсэд хамаарахгүй байгаа хороодын түлшний хэрэглээг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхийн тулд хорооноос шалгуур хангаж буй айл өрхийн судалгааг төсөл хэрэгжүүлэх нэгжид өгч хамтран ажиллах нь чухал. Тиймээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж санал солилцож байна. Өмнө нь хоёр хороонд амжилттай хэрэгжсэн дээрх төслийг олон хороонд нэвтрүүлж бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна” гэлээ.



