Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өчигдөр /2025.04.03/ дүүргийн татварын хэлтсийн албан хаагчидтай өглөөний /07:00/ уулзалт зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүрэг бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 25 мянган аж ахуй нэгж, 207 мянган татвар төлөгч, 90 орчим мянган хувиараа бизнес эрхлэгчтэй. Жил бүр 2000 орчим хуулийн этгээд шинээр бүртгэгддэг тоо гарчээ.

Татварын хэлтэс одоогоор 70 ажилтан, албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд нэг ажилтан өдөрт дунджаар 100 орчим иргэнд үйлчилдэг, ачаалал өндөртэй байгууллага юм.

Уулзалтын үеэр татварын хэлтэс, газрын алба, нийгмийн даатгал зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо, тоног төхөөрөмж, орчин нөхцлийг сайжруулахад анхаарах, иргэдийн татварын талаарх мэдлэг, мэдээлийг дээшлүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн татварын байцаагчдыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллуулах, иргэдийг олон дахин, давтан ирүүлдэггүй байх боломжийг бүрдүүлж чирэгдэл бага учруулах арга хэмжээнүүдийг авч ажиллахаар боллоо.