Монгол Улсын Их Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээс хойш 29 дэх жилтэйгээ золгож байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, соён гэгээрүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь Монголын зохиолчдын эвлэл, Сүүн бэх утга зохиолын нэгдэлтэй хамтран “НЭРГҮЙ БААТРУУД” яруу найргийн наадмыг уламжлал болгон дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Уг наадамд 74 гаруй шүлэг, яруу найрагчид бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 34 яруу найрагч шалгарч, тэргүүн байранд Сэр-одын шагналт залуу яруу найрагч Г.Хашбаатар, хоёрдугаар байранд Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, Жанжины сэлэмт яруу найрагч А.Түмэнбаяр, Сэр-одын шагналт СТА Я.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.
Энэ үеэр хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж тэдний түүх намтар, дурсгалын бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.
Бараан түүхийн хуудсыг сүүн бэхээр сийлж өнгөрсөнд буй хагацал гунигийг яруу найрагтай сүлж ирээдүй хойч үедээ таниулж байгаа уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье.