Нүүр хуудасМэдээЭМЯ: Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана

ЭМЯ: Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцид бүтээгдэхүүний бүртгэлийн газар (URPL)-ын Ерөнхийлөгч Grzegorz Cessak тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эмийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын эмийн бүртгэл, үнэлгээ, бүртгэсний дараах тандалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, эмийн чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд нийцүүлэх чиглэлээр Польш Улсын туршлагаас суралцах боломжийг хэлэлцэв.

Мөн Европын фармакопейн стандарт, аргачлалыг судлан нэвтрүүлэх, Монгол Улсыг Европын фармакопейн хорооны ажиглагчийн статустай болгох боломж, эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа, үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсад нэн шаардлагатай болон өргөн хэрэглэгддэг эмийг үйлдвэрлэгчээс шууд, тогтвортой нийлүүлэх, эмийн хангамжийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр Польшийн эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Цаашид хоёр талын мэргэжлийн байгууллагуудын мэдлэг, туршлага солилцоо, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлэх замаар Монгол, Польшийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН