16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 16:53:21
Нүүр хуудасМэдээСХД: Нүхэн жорлон, бохирын хоолойг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа

СХД: Нүхэн жорлон, бохирын хоолойг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг Сонгинохайрхан. Тус дүүрэг нийт 43 хороотой. Тэдгээрийн 80 гаруй хувь нь буюу 36 хороо нь гэр хорооллын айл өрхүүдээс бүрддэг байна. Мэдээж гэр хорооллын айл өрх олон байхын хэрээр агаар хөрсний бохирдлын асуудал яригдана. Дулааны улирал цар тахалтай холбоотойгоор дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжилтийг эрчимтэй хийж байна. 

Дүүргийн хэмжээнд ойролцоогоор 47 173 нүхэн жорлон, бохирын цооног бий.  Эдгээр газруудад ариутгал хийх ажлыг зохион байгууллаа. 

Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар:

“Өнөөдрөөс эхлээд 10-14 хоногийн хугацаанд гэр хорооллын айлуудаар явж бохирын цооног, нүхэн жорлонг ариутгана. Аль болох түргэн шуурхай, богино хугацаанд ажиллахын тулд нэг хоёр бус, таван компанийг сонгосон байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн талбайд гурван удаагийн ариутгал хийсэн.

Харин энэ удаа бид дүүргийнхээ бүх гэр хорооллын айлуудаар явж, нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгах ажлыг эхлүүлж байна. Сонгинохайрхан дүүргээс тус ажилд нийтдээ 100 орчим сая төгрөг төсөвлөөд, компаниудын ирсэн саналаар 97 сая орчим төгрөгөөр төсөвлөсөн” гэх мэдээллийг өглөө. 

Сонгинохайрханчууд өмнө нь дүүргийнхээ гудамж талбай, гуу жалга, булан тохойд хуримтлагдсан хогийг иргэд болон хог тээврийн компаниудын тусламжтай цэвэрлэсэн.  Мөн тус цэвэрлэгээнд ажилгүй иргэдийг дайчлан цагийн 3400 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан юм. Нийтийн эзэмшлийн зам талбайд 92 үйлчлэгч ажиллаж, 36 ширхэг сандар, 72 ширхэг хогийн сав, 14 цэцгийн мандлыг угааж цэвэрлэн, ариутгасан байдаг.

“Халдварт өвчний дархлал болон эрсдэлээс сэргийлэх, хүн амын амьдрах орчны чанарыг сайжруулах үүднээс гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүхний халдваргүйжүүлэлтийн ажилд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавьж ажилладаг байна. Өөрөөр хэлвэл модон жорлон, цооногийг тус бодисоор ариутгахад, халдваргүйжүүлэлт идэвхтэй байна уу, үгүй юу гэдгийг лабораторийн шинжилгээгээр хяналт тавьдаг. Мөн стандартад нийцсэн хэмжээгээр ариутгаж байгаа эсэх, бохирын хэмжээ, нүхэнд орох ёстой бодисын хэмжээг зохих тунгаар хэрэглэж байгааг хянадаг ажээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид жорлон, бохирын цооногийг дулааны улиралд сард нэг, хүйтний улиралд нэг удаа халдваргүйжүүлэлт хийх нь зөв гэж үздэг байна. 

Ариутгал халдваргүйжилтийг дүүргээс зохион байгуулж төсөвлөж хийсэн ч иргэд сайн дураараа өөрсдийн эрүүл мэндийн төлөө жорлон, бохирын цооногийг ариутгах боломжтой. Тиймээс гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч буй зааварчилгааг дагах ёстойг зөвлөж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН