Төрийн анхан шатны үйлчилгээг хорооны ажилтан иргэдэд хамгийн түрүүнд хүргэдэг. Иймд хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 43 хорооны нийгмийн ажилтан, 380 хэсгийн ахлагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа. Сургалтаар хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чиг үүрэг, Хүний Эрхийн Үндэсний комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа мэдээлэл өгсөн юм.

Мөн хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ, хүний эрх ба гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал гэх мэт мэдээллүүдийг оролцогчдод хүргэсэн юм.
