Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын арын 2.8 км авто замыг иж бүрэн гудамж болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэж байна.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархсан зарим зурагтай холбоотойгоор иргэдийн дунд ташаа ойлголт үүссэн. Гэвч эдгээр зураг нь бүтээн байгуулалтын ажлын дунд шатны явцыг харуулж буй бөгөөд төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.

Одоогоор Өнөр хорооллын арын замд газар доорх инженерийн шугам сүлжээ, ялангуяа борооны ус зайлуулах системийн шинэчлэлийн ажил хийгдэж байна. Энэ нь өмнө нь ус тогтдог байсан хэсгүүдийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Мөн явган хүний өндөрлөсөн гарц, замын хашлаганы шийдэл нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах үүрэгтэй. Эцсийн хучилт хийж дууссаны дараа эдгээр хэсгүүд стандартын дагуу бүрэн тохируулна.
Дараагийн шатанд авто замын хучилт, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гүүрэн байгууламж, автобусны буудал, авто зогсоол зэрэг иж бүрэн тохижилтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм.





